Зүрх зүсэм мэдээ буюу зөвтгөх аргагүй алдаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Анзаараад байхад аав ээжүүд анхаарал сэрэмжгүйгээс өөрсдөө хүүхдээ хохироосон тохиолдол цөөнгүй гарах болжээ. Ийм харамсалтай хэрэг он гарсаар 20 бүртгэгджээ.

Энэ нь иргэн та тээврийн хэрэгслээ асаахаас өмнө эргэн тойрноо болон машин доогуураа сайн шалгаж үзэх, замын хөдөлгөөнд оролцохдоо заавал дагаж мөрдөх дэг журмуудыг баримтлах хэрэгтэй гэсэн үг юм.

Учир нь сүүлийн гурван жилд улсын хэмжээнд зам тээврийн 1753 осол бүртгэгдсэний 1273 хүүхэд хохирсон буюу 170 хүүхэд амиа алдаж, 1103 хүүхэд гэмтжээ. Мөн зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн ихэнх нь орон нутагт байна. Энэ нь хөдөөд тээврийн хэрэгсэлтэй хайнга ханддагын илрэл юм. Түүнчлэн хүүхдэд зориулалтын суудал хэрэглээгүй буюу хүүхдийг буруу тээвэрлэсэнтэй холбоотой.

Хамгийн аймшигтай нь  эцэг эхчүүд согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсоноос хүүхэд хохирдог.

Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Х.Мөнх-Эрдэнэ “Өнгөрсөн онд 14 хүүхэд хашаандаа тоглож байгаад машинд мөргүүлсэн нь эцэг эхийн хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсантай холбоотой” гэжээ.

Мөн зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд орж байгаа учир автомашиндаа аюулгүй тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо зөв үлгэр дууриал үзүүлээч ээ гэж уриалах хэрэгтэй гэж Тээврийн цагдаагийн албаныхан анхааруулж байна. Арван сар тээж, хүн болгосон үрээ нүдэн дээрээ алдсан эцэг эхчүүдийг бодохоор өр өвтгөм. Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн хувь тавилан дэндүү харамсалтай.

Алдрай бяцхан үрсээ автомашины ослоор алдсаар байх уу.  Гуравхан сая хүн амтай монголчууд бид зам тээврийн осол гэх чимээгүй аюулдаа автсаар байх уу. Жилдээ хэдэн зуугаар тоологдох хүмүүс хорвоог орхисоор байна.

Энэ байдлаар таван жил, арван жил, 20 жил үргэлжилбэл хэчнээн олон мянган монгол хүн автын ослоор амьдралаа орхих вэ. Бодоод үзэхээр аймшигтай тоо гарна. Тэр дундаа эцэг эхийн хайхрамжгүй байдал, хайнга жолооч нараас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаныхан бага насны хүүхдээ асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг сэрэмжлүүлдэг. Гэвч зам тээврийн осол буурахгүй байгаа нь харамсалтай. Гэмтэл согог судлалын үндэсний төв өндөр ачаалалтай ажиллаж байна. Мэдээж ихэнх нь осол аваарьт орсон иргэдийн ачаалал байгаа нь тодорхой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэрлээ шилжүүлэхгүй байх, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүсээ зүүгээгүй зэрэг зөрчлүүдээс болж хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсаар байна.

Ер нь зам тээврийн ослыг бүрэн бууруулах боломжтой. Учир нь жолоочийн хариуцлагатай 100 хувь холбоотой асуудал юм. Хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хурд хэтрүүлдэггүй, дүрмээ баримталдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл барихыг татгалзах хэрэгтэй байна. Иймээс л жолооч таны амь нас, хайртай дотны хүмүүсийн чинь эрүүл мэнд, энх эсэн байх нь өөрөөс төнь шалтгаалахаар байгаа юм.

С.ӨЛЗИЙБАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(122.201.22.124) 2022 оны 09 сарын 28

Хайхрамжгүй жолоо барих нь алуурчдын үйлдэл мөн.

0  |  0
Top