УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагаас нээлтээ хийлээ. Нээлтийн дараагаар хоёр намын УИХ дахь бүлгийн хурлууд болох бөгөөд мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг хуралдах юм байна.
Ийнхүү энэ долоо хоногийн чуулганы болоод Байнгын хороодын хуралдааны тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар өнгөрсөн сарын 30-ны өдөр баталсан. Харин уламжлалын дагуу пүрэв, баасан гарагуудад чуулганы нэгдсэн хуралдаан болох товтой.
Энэ удаагийн намрын чуулганаар хамгийн эхэнд Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Уг тогтоолын төслийг Монголбанкнаас боловсруулж, хуулийн хүрээнд өргөн барьсан юм. Энэхүү төсөлд ирэх оны инфляцыг зургаа дээр нэмэх, хасах хоёр байхаар тооцсон. Мөн ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Ийнхүү экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өсөх хэдий ч гадаад орчны нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж байгааг энд онцлох нь зүйтэй гэжээ.
Харин зээлийн өсөлтийн талаар “Өнгөрсөн оноос эрчимжиж эхэлсэн банкны системийн зээлийн өсөлт сүүлийн саруудад саарч эхэллээ. Цар тахлын нөхцөл байдал, геополитикийн эрсдэл, системийн ач холбогдол бүхий банкуудын IPO-той холбоотойгоор зээлийн нийлүүлэлт, нөхцөл, шалгуур хэрхэн өөрчлөгдөх болон төлбөрийн тэнцлийн төлөвөөс банкны системийн эх үүсвэр, зээлийн өсөлт болон мөнгөний нийлүүлэлт шууд хамаарч байна гэсэн бол төлбөрийн тэнцлийн талаар ханшийн өөрчлөлт, гадаад үнийн өсөлт импортын өсөлтийн хурдыг хязгаарлахаар байна. Гэвч төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын тохиргоог зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ дотоод, гадаад тэнцвэрийг богино хугацаанд хангах бололцоог бүрдүүлнэ” хэмээн тусгажээ.
Үүнээс гадна Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн танилцуулгын Монголбанкнаас сэтгүүлчдэд хийх үеэрээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголбанкнаас Ипотекийн зээлийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Олон улсын валютын сан зэрэг байгууллагаас энэхүү нийгмийн шинжтэй ажлыг Засгийн газарт шилжүүлэн өгөх хэрэгтэй гэдгийг сануулдаг. Гэсэн хэдий ч шууд засагт шилжүүлээд өгчихөөр ипотекийн зээлд оруулаад байгаа дөрвөн их наяд төгрөг Засгийн газрын өр дээр нэмэгдэж өрийн таац нь хэтэрнэ гэдгийг хэлж байсан.
Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх бас нэгэн чухал асуудал бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл байх болно. Ирэх онд Монгол Улсын төсвийн нийт орлогыг 19.6 их наяд байхаар төсөөлсөн нь энэ оныхоос 3.3 их наядаар орлогыг өсгөсөн үзүүлэлт юм.
Төсвийн орлогоос 132.7 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд, 540 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэх, Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн буюу зэсийн үнийг тонн тутамд 8386.7 ам.доллар байхаар тооцоод 2023 онд зэсийн орлогоос 3.2 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төсөөлсөн байна.
Төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлдэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний нэг нүүрсийг тонн тутамд 110.8 ам доллар байхаар тооцжээ. Улмаар нүүрсний орлогоос 129.5 тэрбум төгрөгийг төсвийн орлогт төвлөрүүлэхээр төсөлд тусган, нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тонн хэмээн төсөөлж байгаа.
“Петро чайна дачин тамсаг” болон “Доншен газрын тос” зэргээс бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 425 тэрбум төгрөгийг газрын тосны орлогоор төвлөрүүлэх, ирэх онд газрын тосны экспортын хэмжээг 6.5 сая баррель, нэг баррель газрын тосны үнийг 83 ам.доллар байхаар төсөөлсөн. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд шинэ төслийг санхүүжүүлэхгүй, харин он дамжсан төслүүдийг санхүүжүүлэхээр тусгаж, ирэх онд улсын төсвөөс 1061 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр заажээ.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрт 339.7 тэрбум төгрөгийг тусгасан төсөв болж байгаа. Ийнхүү энэ удаагийн намрын чуулганы хуралдаанаар гүйцэтгэх засаглалаас оруулж ирсэн ирэх оны төсвийг хуулийн хугацаанд амжиж батлах учиртай. Гэвч өнөөх л 76 тойрог руу улсын төсвийг тараадаг, гишүүд сонгогдсон тойрогтоо чухал бус байсан ч хамаагүй хөрөнгө оруулалт татахыг чухалчилдаг байдал энэ жил ч давтагдах биз ээ. Үүнээс гадна энэ удаагийн чуулганы хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг яаравчлуулж мэдэхээр буй. Тэгэхээр ирэх онд улс орны эдийн засаг, төсөв хөрөнгө ямар байх, Үндсэн хуулиа нэг мөр өөрчлөх эсэхийг шийдэх чухал чуулган ийнхүү нээлтээ хийж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )