Дөрвөн байршилд газар доорх авто зогсоол байгуулна

2022 оны 10 сарын 19

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь” төслийн байршлыг тогтоох тухай танилцуулав.


Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 53.6 хувь буюу 662 мянга нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож, нэг өрхөд дунджаар 1.5 машин ногдож байна. Улаанбаатар хотын хэмжээнд 216 га талбайд 72.6 мянган тээврийн хэрэгслийн зогсоол байгаа юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 74 байршилд 2104 авто зогсоолд иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Өдөрт замын хөдөлгөөнд 350-450 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бөгөөд 69 хувь нь хувийн тээврийн хэрэгсэл байгаа юм.

Төлбөртэй болон төлбөргүй зогсоолын сэлгэлтийн судалгаа хийхэд, төлбөргүй зогсоолын дүүргэлт өглөө 09:00 цагийн байдлаар 100 хувь, өдрийн турш сэлгэлт 16 хувь байжээ. Харин төлбөртэй зогсоолын сэлгэлт 100 хувь байгаа юм.

Төслийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын хүрээнд Бага тойруу орчмын авто зогсоолыг судлахад 184 байршилд 4857 тээврийн хэрэгслийн зогсоол тоологдсон байна. "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд

-Газар доорх авто зогсоол байгуулах,

-Их багтаамжтай авто зогсоол байгуулах,

-Автомат, ил давхар зогсоол байгуулах,

-Гудамж, зам дагуу авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийжээ.

Энэ хүрээнд эхний ээлжид дөрвөн байршилд төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тодруулбал, Спортын төв ордны баруун талд, “Блю мон” төвийн зүүн талд ногоон байгууламжтай тохижилт бүхий газар доорх 1-3 давхар зогсоол барьж байгуулахаар төлөвлөжээ. Мөн III, IV хорооллын худалдааны төв орчим, Хүүхдийн 100 орчимд авто зогсоолын менежмент хийх саналтай байгаагаа танилцууллаа.

Газар доорх зогсоолуудыг байгуулснаар тухайн газрын одоо байгаа зогсоолын тоо 2-3 дахин нэмэгдэхээс гадна ногоон байгууламж нэмэгдэх давуу талтай юм.

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Н.Баярчимэг “Өнгөрсөн тавдугаар сараас хойш судалгаа хийж, тодорхой шаардлагууд тавьж дээрх дөрвөн байршлыг сонгосон. Жишиг болохуйц авто зогсоолын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top