Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өчигдөр (2022.10.18) болсон.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов. Мөн олон нийтийн төлөөлөл болж “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд санал бодлоо хуваалцсан юм.
Иргэдийг гарцаар гарах үед нь хоёр урсгалд оруулан цэгцтэй явуулах, автобус хүлээхдээ чиглэл, чиглэлээрээ хуваагдан хүлээх зэрэг арга замаар иргэдийн цагийг хэмнэж, замд ч мөн ачаалал нэмэхгүй байх шийдлийг харуулсан бичлэг цахим орчинд ихээхэн олон хандалттай байдаг.
Уг ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд хэлэлцүүлэгт оролцохдоо “Хүн бүр өөрт тулгамдсан асуудлыг олж харан, түүнийгээ бусдад гомдлохгүйгээр шийдвэрлэх гэж оролддог, шийдэж байгаа нэгнээ үнэлдэг, хүндэлдэг байвал тухайн улс орон арай илүү хөгждөг юм болов уу гэж бодож байна. Монгол Улстай адил цөөн хүн амтай, жижиг боловч өндөр хөгжилтэй орон дэлхийд олон бий. Бид тэдгээрээс олж харсан сайн туршлагаас санаа авч, эх орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан авто замд болон машины тоонд байгаа ч түүнээс илүүтэй бидний хэв маяг, зуршил, хандлагад байгаа юм шиг харагддаг. Хүн бүр л хотын түгжрэлд өөр өөрийнхөөрөө нөлөөлж байгаа. 1980-1990-ээд онд Улаанбаатар иргэндээ ээлтэй, чөлөөтэй алхах боломжтой, жишиг болсон хот байсан гэж мэргэжилтнүүд хариулдаг. Түүнээс хойш олон том зам тавьж, эгнээ, урсгалыг нэмэн, хэд хэдэн гүүр барьж, уулзвар болон гарцуудыг нэмэгдүүлсэн. Гэвч ингэх тусам түгжрэл нэмэгдэж, дугаарын хязгаарлалт болон хичээлийн цаг эхлэх цагт зохицуулалт хүртэл хийсэн. Эдгээрийг хараад байхад хот маань машинд зориулагдсан, харин бид машинаа уначихаад яаж түгжрэхгүй байх вэ гэж л бодоод байгаа юм шиг.
Бидний очиж үзсэн хотууд машинд зориулсан шийдэл гаргаснаар алдсанаа ойлгон, хурдны зам болон гүүрээ нурааж, өргөн замаа нарийсгаад, оронд нь явган хүний зам тавьж, хүмүүс амрах, зугаалах боломжтой газруудыг байгуулснаар түгжрэл нь бодитойгоор буурсан. Машинд зориулсан шийдлийн улмаас өнөөдөр бид энд хэлэлцүүлэг хийж байна шүү дээ. Тиймээс иргэд машинтайгаа хэрхэн түгжрэхгүй байх вэ гэх бус, машинаасаа буугаад хэрхэн тухтай алхаж болох вэ гэж боддог, төр засаг үүнийг нь дэмждэг байвал чадах, чадах хэмжээгээрээ түгжрэлийг бууруулна гэж бодож байна” хэмээн саналаа хуваалцсаныг онцолж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Уг нь сайхан л хэллээ. Гэвч Баянхошуунаас хотын төвд ирж 10кг гурил 8 кг мах ногооо аваад үүрээд өвлийн -20° д алхдаа....