Иргэдийн 60 хувь зорчин өнгөрдөг ГУДАМЖ, ТАЛБАЙГ бүрэн камержууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Цагдаагийн байгууллагаас Хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, сайн туршлага, дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле камерын тоог нэмэгдүүлж, ашиглалтыг үр дүнтэй болгох зорилгоор өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан камерын хяналттай “Ногоон бүс” төслийг хэсэгчлэн зохион байгууллаа.

Энэхүү төслийн хүрээнд, эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо 1-р дөчин мянгатын нутаг дэвсгэрийн 29.7 га газрыг эрүү, хэв журмын нөхцөл байдал, өдөртөө Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуй нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан сонгон авч теле камерын хяналтад бүрэн оруулах ажлыг хэрэгжүүлсэн байна. 

Олон улсад хэрэгжиж буй “Green zone” төсөл нь дэлхийн 3 орон буюу Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хот, Оросын холбооны улсын Москва хот, Англи улсын Лондон хотуудад амжилттай хэрэгжиж, камерийн хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлага байгааг үндэслэн эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 1-р хорооны  61 цэгт 145 камер шинээр байршуулах, түүнд шаардагдах төсөв тооцоог гарган, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Засаг даргын тамгын газар болон тус хороонд үйл ажиллагаа явуулдаг 25 аж ахуй нэгжийн санхүүжилтээр камер суурилуулах ажлыг Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн байна. 

“Ногоон бүс”-д хуучин дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сэргээн ашиглах, үр дүн ач холбогдолыг бууруулахгүйгээр, төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбон 24 цагаар цагдаагийн байгууллагаас байнгын хяналт тавин ажиллах юм.

Теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерийн дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдэгдсэнээрээ онцлог юм.

Тус ажлын үр дүнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, гэмт хэрэг, зөрчлийг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэх нөхцөл бүрдэж, нутаг дэвсгэрийн хулгайлах гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэрэг тодорхой хувиар буурах эерэг үр дүн гарна гэж дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top