Салхинд хийсэх хамхуулууд минь ХЭРСҮҮ БАЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Шуугианыг шуугианаар дарах технологи манай улсад тунч амжилттай явагддаг. Сошиал сүлжээ хүчтэй хөгжсөн, хүн бүр цахим орчинд “уяа”-тай өнждөг болохоор ч тэр биз. Хэн нэгний зорилготой сэвсэн мэдээнд “Салхинд хийсэх хамхуул” шиг хуйларч автдаг жишиг нийт монголчуудын дунд тэр тусмаа сошиал массынханд маш түгээмэл харагдана.

Худал, үнэнийг нь дэнсэлж амжаагүй ч сүржигнэнэ. Харааж, зүхэж, хашгирч уйлна. Дуу, дуугаа аваад хуцацгаах ноход шиг боорлоцгооно. Харин төгсгөлд нь өөрсдийгөө юуны төлөө, яах гэж хуцсанаа ч ойлгохгүй. Хаана, ямар шуугиан дэгдэнэ тийшээ хамхуул шиг хийсээд одно. Хөгийн хийгээд хөгжилтэй нь дэгдсэн шуугианыг хэн нэгэн, ямар нэгэн зорилготойгоор сэвж байгааг ч мэдэхгүй мунхаглана.

Массын энэ мунхаглалыг маш овжноор ашиглах нөхөд тэр технологийг сүүлийн үед дэгдээд буй шуугиан дээр хэрэгжүүлээд байх шиг. Машинд дайруулсан охины хэрэг мандаад ирэх цаг дор хошин шогийн сэдэв зэрэгцээд гарч ирснийг анзаарав уу. Уг нь бид чинь хариуцлагагүй жолооч, зам тээврийн осол, аюулгүй байдал, “томчууд”-ын дураар дургилтын золиос болсон охины мэдээг овоо хүчтэй ярьсан. Харин өнөөдөр тэр бүхнийхээ эцсийг нь үзээгүй, үр дүнд хүрээгүй, эзэн холбогдогч нь ч тодорч амжаагүй байхад хошин урлагийн сэдэв рүү хальтирч ордог нь юуны учир вэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр осол гаргасан Ланд-200 машины эзэмшигч нь Аймгийн алдарт уяач гэх. Өвөрхангайн гаралтай юм байх. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний ойрын хүн. Өөрөөр хэлбэл, томоохон эрх мэдэлтний хамаарал бүхий этгээд хүний санаанд багтамгүй хэрэг хийчихээд байхад энэ бүхний үнэнийг үл илчлэхийг хүсэгчид олон нийтийн анхаарлыг ондоо тийшээ сарниулахыг санаархсан ч юм билүү, хэн мэдлээ. Ямартаа ч “Хошин шог” гэх сэдвээр машинд дайруулсан охиноо мартах учиргүй юм сан. Магадгүй бид шуугианаар шуугианыг дарах технологид олзлуулчихаад яваа юм биш биз.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top