Малчин Р.Цэрэндорж: Орон нутагт түүхий эд бэлтгэлийн ЖДҮ хөгжүүлэх шаардлагатай байна

2022 оны 10 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганыг өнөөдөр /2022.10.25/ Төрийн ордонд боллоо.

Чуулганы үеэр малчдыг төлөөлж Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсн аварга малчин Р.Цэрэндорж үг хэлсэн юм.


Тэрээр "Сүүлийн үед мал маллах арга, туршлага бага багаар өөрчлөгдөж байна. Ялангуяа төв суурин газрын ойролцоо арвин ашигт шимт мал өсгөн үржүүлж, орчин үеийн дэвшилтэт технтик технологийг ашиглаж байгаа нь нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн зүйт технологи гэж үзэж байна.

Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд гарч байгаа өсөлт үндсэндээ малын тоо, эрүүл мэнд, ашиг шим, үйлдвэр угсаанаас ихээхэн хамаарч байна.

Өнгөрсөн жилүүдэд ган зуд, цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр зэрэг байгалийн үзэгдлийн давтамж ойртох боллоо. Байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой өнгөрсөн жилүүдэд жил дараалан өвөлжилт хүндэрч байгаа нь малчин бидний аж амьдрал хүнд тусч байна. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээрийн нөөц багасч байна. Энэ бүгдийг даван туулахад төр засагтайгаа нягт холбоотой байж гэмээнэ бэрхшээлээс гарч чадна.

Малчин хүний амьдралын баталгаа бол мал сүрэг билээ. Цагийн хүндрэлд урьдчилан сэргийлэх бэлтгэлээ сайн хангаж, хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд мал аж ахуйн үйлдвэрлэл дэх шинжлэх ухааны ололтыг соргогоор хүлээн авч үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, малын тоонд бус чанарт анхаарах, сүргийн зохистой харьцааг бүрдүүлэн, үржил селекцийн ажлыг биотехнологийн ололттой хослуулан явуулах, бэлчээрийг зүй зохистой сэлгэн, хамгаалах, элдвэр өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж хариуцлагатай хандах, байгальд ээлтэй, ухаалгаар мал аж ахуйг эрхлэх цаг нэгэнт ирсэн гэж бодож байна.

Мөн малчдын залгамж халааг бэлтгэх, төр засагтайгаа хамтарч ажиллах, түүхий эд бэлтгэлийн анхан шатны жижиг дунд үйлдвэрлэл орон нутагт байгуулах, хөгжүүлэх асуудал зайлшгүй чухал байгааг онцлон хэлье" гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран анх удаа зохион байгуулж байгаа тус чуулганд мал аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж буй малчид, фермерийн аж ахуй эрхлэгчид, хувийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач нарын 800 төлөөлөгч оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top