Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Тодруулбал, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг зургаа дахь шилдээ шалгаруулж байна.
Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тэргүүтэй албаныхан оролцож, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шагналыг нь гардуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ерөнхий боловсролын шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгон, туршлагыг нь түгээн дэлгэрүүлдэг болсноор нийслэлийн сургууль, цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаанд ахиц, дэвшил бий болсон. Өнөөдөр Хотын даргын хувьд боловсролын салбар, тэнд ажиллаж буй багш, ажилтнуудаа дэмжин, шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шинэ шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулан, нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг шагнаж урамшуулах гэж байна. Улс, нийслэлийн төсвөөс 2022 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, засвар, тоног төхөөрөмжийн зардал зэрэгт нийт 164 тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, цахим боловсролыг хөгжүүлэн, багш ажилтны нийгмийн асуудлыг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монголчууд бид багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг нь улс, нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа 21-р зуунд багш, сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж, улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна. Эрдэм номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай” хэмээсэн юм.
2017-2021 онд ерөнхий боловсролын шилдэг 132 сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгожээ. Энэ хичээлийн жилээс Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар төрийн болон төрийн бус өмчийн сургууль, бага сургууль, тусгай сургууль, цэцэрлэг гэсэн таван ангиллаар 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулжээ. Шинэчилсэн журам нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сургууль, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн удирдлагын сайн менежмент, сургалтын технологийг бусдад түгээн дэлгэрүүлж, зөвлөн тусалж, хамтран ажилласан байдлыг үнэлж байгаагаараа онцлог аж.
НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛИУД
НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГҮҮД
Сэтгэгдэл ( 0 )