Гэрээслэл үлдээн, гэрээсээ явсан охиныг эсэн мэнд олжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Өсвөр насны охин эцэг, эхтэйгээ маргалдсаны улмаас гэрээслэл үлдээн, сураггүй алга болсон байсныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, эсэн мэнд олжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өнгөрөгч баасан гарагт буюу аравдугаар сарын 28-нд 23:15 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотоос "Манай охин 13:00 цагийн үед гэрээсээ гарч яваад одоо хүртэл ирэхгүй байна" гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 14 настай, эмэгтэй Х нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээслэл бичин үлдээж, гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон учир эрэн сурвалжлах ажиллагааг аймгийн цагдаагийн газраас шуурхай зохион байгуулжээ. 

Ингээд охин Улаанбаатар хот руу явсныг тогтоож, аравдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хамаатны эгчтэйгээ хамт байхад нь олсон байна. Охиныг олоход ямар нэгэн эрсдэл учраагүй байсан бөгөөд түүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн өсвөр насны хүүхдийнхээ насны онцлогийг сайтар судалж, түүнтэй илэн далангүй ярилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд нь тусалж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top