Өвлийн улиралд АВТОМАШИНАА ХЭРХЭН АРЧЛАХ вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Өвлийн тэсгим хүйтэнд өглөө бүр царцаж, цасанд хучигдсан машинаа асаах, цэвэрлэх гэж зүдэрсээр байна уу? Тэгвэл танд машинаа өвөлд хэрхэн бэлтгэх, хэрхэн арчлах талаар маш хэрэгтэй мэдээллүүдийг хүргэе.


Дөрвөн улирлын дугуй бол өвлийн дугуй биш

Дөрвөн улирлын дугуй бол өвлийн дугуй биш гэдгийг сана. Өвлийн улиралд зам тээврийн ослын гол шалтгаан нь халтиргаатай зам байдаг. Дугуй тань замд тохирох эсэхийг хамгийн эхэнд шалга. Өвлийн улиралд заавал өвлийн дугуй хэрэглэх шаардлагатай. Канадын Квебек мужид заавал өвлийн дугуй ашиглах журам гаргаснаар зам тээврийн осол 20 хувиар буурсан нь дээрх шаардлага үр дүнтэй болохыг баталж байна. Мөн дугуйны хий сул, эсвэл хэт чанга байх нь халтирахад хүргэдэг. Иймээс зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулж байгаарай.

Аккумляторын ашиглалтын хугацаа 3-5 жил байдаг

Машины аккумляторын ашиглалтын хугацаа 3-5 жил хүртэл байдаг. Аккумлятороо солих төлөвлөгөөтэй байгаа бол намар солих нь тохиромжтой. Учир нь өвөл аккумлятор хүйтэн хөдөлгүүр асаахын тулд маш их ачаалал авдаг учраас хэт хүйтрэхээс өмнө солих шаардлагатай. Ашиглалтын хугацаа нь дуусаагүй бол хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь шалга. Аккумляторын шингэний түвшинг шалгаад багассан байвал нэрмэл ус нэмж болно. Гэхдээ хэт дүүргэж болохгүй.

Шил арчигч шингэн хүйтэнд хөлддөггүй байх ёстой

Машины шил арчигчийг 18-24 сарын хэрэглээд солих хэрэгтэй байдаг. Шил арчигч муу ажиллах нь үзэгдэх орчныг бууруулж, осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг. Шил арчигчийн сойз нь резинэн материалаар хийгдсэн байдаг учир хэт хүйтэнд хатуурч, хагарч, цас арилгаж чадахааргүй болдог. Мөн та шил арчигч шингэнээ хүйтэн нөхцөлд хөлддөггүй шингэнээр солих хэрэгтэй.

Хаалганы түгжээгээ тосол

Өвлийн огцом хүйтэн эхлэхээс өмнө жолооч та хаалганы бариул, түгжээ, шилийг силиконтой цацдаг шингэнээр тослох хэрэгтэй. Ингэвэл түлхүүр, хаалганы бариул, шил хүйтнээс болж зуурч, гацахгүй.

Өвөлд машинаа шатахуунаар дүүргэ

Өвлийн улиралд шатахууны саванд чийг хуримтлагдаж, ус орох нөхцөл бүрэлддэг. Ус шатахуунаас хүнд учраас савны ёроолд тунаж, цаашлаад шатахуун дамжуулах хоолой руу орвол хөлдөж, хөдөлгүүрт хүрэх шатахууны замыг бөглөнө. Иймээс шатахууны савыг үргэлж тал хүртэл нь шатахуунтай байлгах хэрэгтэй.

Өвөл дараах зүйлийг машиндаа авч яваарай

Эдгээрийг машиндаа авч явах нь гэнэтийн эрсдэл тохиолдоход танд тус болно.

 

  • Элс, давс зэрэг зууралт үүсгэдэг бодис
  • Жижиг гар хүрз
  • Цас арилгах шүүр
  • Гар чийдэн
  • Шил угаагч шингэн
  • Цас хусагч
  • Машин чирэх татлага
  • Аккумляторын холбогч
  • Дулаан бээлий, малгай
  • Аюулгүйн гурвалжин
  • Эмийн сан
  • Утас цэнэглэгч
  • Түлхүүр, багаж
  • Нөөц дугуй

 

Машинаа зөв байрлуул

Өвлийн улиралд машинаа нөмөр газар байрлуулах нь өглөө хөдөлгөхөд хялбар байдаг. Автомашинаа асаагаад хөдлөхийн өмнө усны температурын заалт өстөл 3-5 минут асаалттай нь хүлээгээрэй. Энэ нь хөдөлгүүр болон кропны эдэлгээний хугацааг уртасгадаг. Хэрэв та автомашинаа өвлийн хүйтэнд гадаа олон цагаар орхидог бол 1-2 цаг тутамд 2-3 минут асааж байхыг хичээгээрэй. Мөн машинаа ил зогсоолд хонуулах эсвэл олон цагаар зогсоохоос аль болох зайлсхийж, аргагүй тохиолдолд дулаан хучлага заавал ашиглаж бай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top