Зочид олонтой, мэдээлэл ихтэй НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан

2022 оны 11 сарын 02

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны  болон нутгийн өөрөө  удирдах байгууллага үүсэн хөгжсөний 30 жил, Нийслэл хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан 2022.11.01-нд боллоо. Уг хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, үе үеийн  хурлын дарга, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Хуралдаанаар нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, хийж хэрэгжүүлсэн ажил цаашдын ололт амжилтын талаар танилцууллаа.


 

Д.Амарбаясгалан: Иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү улс  төрийн эрх ашиг гэж байх ёсгүй

 

Хуралдааны эхэнд Эзэн Чингис хааны эш хөргийг Нийслэлийн нутгийн захиргааны шинэ цогцолборт залж, Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээг уншиж сонордуулсан юм. Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцуулав.

Тэрбээр ”Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм учраас иргэдийн төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан Үндсэн хууль билээ. Үүнд тунхагласан хүний эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид хараат бус ажиллах болно” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Үүний дараа Үндэсний Морин хуурын чуулгын уран бүтээлчид ая дуугаар мэндчилж ёслол хүндэтгэлийн Гэрэгэ-г Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт гардуулан өгөв. НИТХ-ын удирдлага, төлөөлөгчид өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс эх орны эдийн засаг, нийгмийн хөгжил рүү чиглэсэн хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Тухайлбал, энэ онд Засгийн газраас “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн бүхий л салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи шийдэл нэвтрүүлэх зорилгоор мэдээлэл технологийн үндэсний 70 компани 1000 гаруй монгол инженертэй хамтран “Дижитал хот” төслийн хэрэгжүүлж байгаа аж.

Түүнчлэн Хотын захиргаанаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Урьд нь төрийн үйлчилгээг иргэд шүүмжилж сэтгэл дундуур байхын зэрэгцээ нэлээд чирэгдэл учруулж, цаг хугацааны хувьд урт, удаан цаашлаад авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсныг учирладаг. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэн болон бизнес эрхлэгчдийн сэтгэлд, хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэхээр “Онлайн бизнес төв”-ийг энэ оны нэгдүгээр сард нээн ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны 30, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулахаар төлөвлөжээ.

 

Автомашины тоо өмнөх 30 жилтэй харьцуулахад 32 дахин өсжээ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар хүндэтгэлийн хуралдааны үеэр “Улаанбаатар хот 1992 онд 124 мянган 291 өрхтэй байсан бол 2022 онд 412 мянга 527 өрхтэй болж 3.3 дахин өссөн. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 1993 онд 15 мянга гаруй байсан бөгөөд 2022 оны хагас жилийн байдлаар 175 мянга 594 болж 11.3 дахин өслөө. Бүртгэлтэй автомашины тоо өмнөх 30 жилтэй харьцуулахад 32 дахин өсөж 662 мянга 644 тээврийн хэрэгсэл болж нэмэгдсэн хэмээн тодотгов. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд энэ онд 420 тэрбум төгрөг, 2023 оноос нийслэлийн төсвийн орлогыг бүрэн зарцуулахаар шийдвэр гарсан” хэмээв.

 

С.Амарсайхан: Нийслэлд бүтэхгүй зүйл гэж үгүй

 

Хүндэтгэлийн хүлээн авалтад Шадар сайд С.Амарсайхан ирж, үг хэлсэн юм. Тэрбээр “Иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлын төлөө үе үеийн НИТХ-ын төлөөлөгчид чухал шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж ирсэн ололттой он жил өнгөрсөн байна. Би хотын захирагчаар ажиллаж байх үедээ агаарын бохирдлыг бууруулах, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хяналт тавих үр дүнг тооцох ажлыг батлан хэрэгжүүлж байсан. Энэ үед агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашид ухаалаг хот төлөвлөлтийг хийж, эдийн засгийн хүртээмжийн тэгш байдлыг хангах боломж нөхцөлийг бүрдүүлэх нь хотын удирдлагуудын бодлого” гэлээ.

Түгжрэлийг сааруулах, эрүүл мэнд боловсролын орчин нөхцөлийг сайжруулах, эдийн засгийг эрчимжүүлж агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газраас хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлж байгааг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид дурдсан юм. Үүний үр дүнг ойрын хугацаанд гарна хэмээн үзэж буй юм. Шадар сайд С.Амарсайхан цаашид өмнөх шийдвэрүүдээ эргэн харж дүгнэлт хийн шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр шийдвэрлэх нь нэн чухал. ИТХ, Засгийн газартай хамтарч, хууль эрх зүйн орчныг сайжруулах, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, дэд  бүтцийг шийдвэрлэхэд түлхүү анхаарч байгаа аж. Нийслэлд бүтэхгүй зүйл гэж үгүй гэдгийг ч Шадар сайд онцолсон юм. Цаашид иргэдээс тавьсан санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, холбогдох албан тушаалтанд уламжлан хариуг нь хуульд заасан хугацаанд авах зэрэг зүйлд анхаарч ажиллахаа НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэдэгдлээ. Ийнхүү НИТХ-ын 30 жилийн ойн хүндэтгэлийн хурал амжилттай болж өндөрлөв.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.166.91) 2022 оны 11 сарын 02

Жаргасан хэдэн улсууд байх юм.

0  |  0
Top