Архангай аймагт хүлэмж, гахай, тахиа, зөгийн аж ахуй байгуулна

2022 оны 11 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Архангай аймагт тус хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгуулав. 

Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцлоо. 

"Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил", "Жайка, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах", "Зах зээл бэлчээрийн удирдлага" төслүүдийн талаарх мэдээлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны тухай бодлого, зорилтын талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Давсны олборлолтыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийг өргөжүүлэх, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газар тариалангийн салбартаа илүү анхаарал хандуулах”-ыг онцлов. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг авлаа.

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихийн тулд кластераар бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр: “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж, нягт хамтран ажиллаж байж хөгжих ирээдүй харагдаж байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрийг кластераар бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай. Мөн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд анхан шатны тордолт хийх, дотоодын үйлдвэрийг түүхий эд, бүтээгдэхүүнээр хангахын тулд стандартын анхан шатны шаардлага хангасан түүхий эдийг боловсруулах хоршоодыг хөгжүүлэх шаардлагатай. Хөдөө аж ахуйн хоршоодыг хөгжүүлэхийн тулд салбар яамнаас “Загвар хоршооны техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулсан. Жижиг, дунд үйлдвэрүүд нэгдсэнээр нэмүү өртөг шингэж, дотоодын үйлдвэрүүдээ түүхий эдээр хангах, цаашдаа экспортлох боломж бүрдэх юм.” гэлээ. 

Мөн хуванцар савны хэрэглээг халахыг уриалан, цаашдаа хэрэглэхгүй байхыг Архангай аймгийн Хүнс, хөдөө, аж, ахуйн газрын дарга онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.52) 2022 оны 11 сарын 09

Аймаг болгон байгуулах хэрэгтэй , аймаг болгон өөрсдийгөө хүнсээр хангах хэрэгтэй

0  |  0
Top