Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв шинэ брэнд бүтээжээ

2022 оны 11 сарын 11

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш 1000 гаруй гишүүнтэй болж, 680 орчим иргэнийг гар урлал, эсгий урлал, арьсан урлал зэрэг сургалтад хамруулжээ. Таван жилийн ойгоо угтаж тус төвийн хамт олон “Монт” брэндийг бүтээж, хүүхдийн нумтай улавч, эсгий бойтог, олбог зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд зориулан 30 гишүүнтэйгээр анх нээгдэж байсан энэ төв өдгөө дэргэдээ хүүхэд харах үйлчилгээтэй болж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүний зэрэгцээ тэд сургалтын төрлөө нэмж ноос ноолуурын чиглэлд, мөн сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах сургалт ч зохион байгуулахаар  төлөвлөж байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Таван жилийн өмнө тэрбээр тус төвийг санаачлан байгуулж байсан юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Гар урлал сонирхсон хэн бүхэнд энэ төвийн үүд хаалга нээлттэй. Үйлдвэрлэл эрхлэгчид маань төвтэйгөө тууштай хамтран ажилласнаар ажлын захиалга нь тогтмолжиж, орлогын эх үүсвэрээ баталгаажуулж чадна. Бид Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран иргэдэд сургалт явуулдаг. Энэ төвөөс тус сургалтад хамрагдсан хүмүүс ч бий. Төгсөгчдөө дэмжин ажиллахад хэзээд бэлэн” гэсэн юм.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн дарга, монгол гутлыг 25 дахь жилдээ үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэр эрхлэгч М.Сувд-Эрдэнэ “Өнгөрсөн таван жилийн хугацаанд үйл ажиллагаа маань өргөжиж ноос ноолуурын чиглэл рүү орж байна. Эдийн засгийн хямралаас үүдэлтэй хүмүүс шинэ хувцас худалдан авахаас илүү хуучин хувцсаа сэргээн засварлаж, загвар дизайныг нь өөрчилж өмсөх сонирхолтой болсон. Тиймээс бид ноос ноолуур сүлжих, угаах, загварыг нь өөрчлөх үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн” гэлээ.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв МҮХАҮТ-тай хамтран ажиллаж төвийнхөө багш нарыг “Ахмад зөвлөх багш” болгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тэдэнд үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Ц.Удвалцэцэг таван жилийн өмнө сургалтад сууж эхэлсэн бол өнөөдөр өөрөө багш болж бусдад мэдлэгээ хуваалцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top