Лондон Европын үнэт цаасны хамгийн том зах зээл гэсэн статусаа Парист алджээ.
Блүмберг агентлагийн мэдээллээр, Францын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны нийт үнэ 2.823 их наяд ам.доллар байгаа бол Британийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны нийт үнэ 2.821 их наяд ам.доллар байна. Энэ нь Францын “LVMH”, “Gucci” зэрэг тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ өссөнтэй холбоотой аж. Хятад улсад ковидын цар тахлын хязгаарлалт сулрахад эдгээр компанийн хувьцааны үнэ өсдөг тул хөрөнгө оруулагчид тансаг зэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт Хятадын хэрэглэгчдийн дунд өснө гэж таамаглаж байна.
Үүнтэй зэрэгцэн фунтын ам.доллартой харьцах ханш он гарснаас хойш 13 хувиар унасан бол еврогийн ам.доллартой харьцах ханш есөн хувиар буурсан нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Английн банкны мөнгөний бодлогын хорооны гишүүн асан Майкл Сондерсын ярьснаар, Их Британийн ДНБ-ийг огцом буухад нөлөөлсөн Брексит тус улсын хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )