Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл хүнс - эрүүл амьдралын үндэс” уриан дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, 21 аймагт нээлтээ хийгээд буй. Улаанбаатар хотод энэхүү хөдөлгөөний нээлтийг маргааш буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зэрэг зочдоос гадна хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцох юм.
Арга хэмжээний үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлох юм. Мөн улс орны хэмжээнд, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголт, байр суурийг иргэд, олон нийт, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэж, хамтран ажиллахад арга хэмжээний гол зорилго чиглэж байна.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс мах, гурил, төмсийг дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдан авч, хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа бөгөөд гурил бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, зарим төрлийн хүнсний ногооны 70-90 хүртэлх хувийг дотоодоос хангадаг.
Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй хүнсний хувьсгалын хүрээнд Улаанбаатар хот нь иргэдийнхээ хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, ургамлын тос, давс, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, хүлэмжийн ногооны хэрэгцээг ирэх таван жилийн хугацаанд дотоодоос бүрэн хангах зорилго тавин ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )