Нийслэлд арваннэгдүгээр сарын 27-ны 10:00 цагаас цас орж эхэлж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж буйгаар цас цэвэрлэгээнд зам, талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 1063 үйлчлэгч тусгай зориулалтын 151 машин техниктэй ажиллалаа. Улмаар авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын 173.5 тонн бодис, 190 тонн давс цацах ажлыг арваннэгдүгээр сарын 28-ны 05:00 цаг хүртэл өдөр, шөнийн ээлжээр хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 380 гаруй ажилтан 61 техник хэрэгсэлтэй уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг хусаж цэвэрлэлээ.
Мөн аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 2836 аж ахуйн нэгж байгууллага 194,394 ам метр талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэвэрлэгээнд гарсан 2836 аж ахуйн нэгж нь үүний 16 хувь юм.
Зам, талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг тогтмол гүйцэтгэж буй. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сууц өмчлөгчдийн холбоо, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )