Харьд зугтсан “Цагаан захтан”-уудаа олж ирэхэд анхааръя

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Бусдын хөдөлмөрийг шулж амьдардаг төрийн албан хаагчийг Монгол хэлний тайлбар тольд “Цагаан захтан” хэмээсэн байдаг. Манай улсад “Цагаан захтан”-ууд олширсон нь нийгмийн хөгжлийн чөдөр тушаа болж ирсэн нь үнэн.

Ийм хүмүүс олширсоор эцэстээ төрийн хууль цааз ч тэдэнд үйлчлэхээ больдог. Мөнгө, эрх мэдэлдээ эрдсэн “Цагаан захтан”-ууд хууль бус үйлдэл хийсэн байсан ч хаа нэгтээ эрх чөлөөтэй амьдарсаар байна. Тэд хэрэг бишидвэл хилийн дээс гараад давхичихдаг.

Товчхондоо, Монголын хууль журам тэдэнд хүрч үйлчлэх бараг боломжгүй болдог гэсэн үг. “Даварсаар, даварсаар Да ламын ширээн дээр” гэгчээр харьд зугтсан “Цагаан захтан”-ууд сошиал орчинд лайвдаж, тохуурхах  тохиолдол ч гарч байв. Харамсалтай нь тэд эх орондоо ирээд хуулийн байгууллагаар үнэнч шударга шалгуулчих зориг үгүй. Хэний тухай, юуны талаар өгүүлж буйг бараг гадарлаж буй биз. “Цагаан захтан” хэмээгээд буй энэ нөхөд дотор Монгол Улсын Ерөнхий сайд явсан нөхрөөс эхлээд төрийн өмчийн томоохон компанийн захирал, хуулийн байгууллагын нөлөө бүхий эрхмүүд, улстөрчдийн гар хөл бологсод багтаж байгаа юм.

Тэдний тактик яг ижил. Төрөөс идэж ууж, завшиж залилж дуусаад гэм нүгэл нь нүдэнд илрэх цаг дор гэнэт л өөр улс руу зугтчихдаг. Харин хуулийнхан “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх”-ийн үлгэрээр үлдэж хоцордог. Интерполоор эрэн хайж, хилийн чинадаас баривчилж авчрах арга хэмжээ авахыг зорьдог ч үр дүнд хүрсэн нь тун цөөхөн дөө. Яг энэ өдрүүдэд л гэхэд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг АТГ-аас шалгаж байна. Баахан л баримт нотолгоо илрүүлж, эд мөрийн баримт цуглуулаад байгаа гэх.

Хууль хяналтынхан түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илрүүлсэн талаар ч эх сурвалж мэдээлж байна. Түүгээр ч зогсохгүй Н.Удаанжаргалтай ойр дотно, хамтран ажилладаг байсан 20 гаруй иргэн, албан тушаалтны гар утас, компьютер зэргийг АТГ-аас хураан авч, сим картаа сэргээн хэрэглэхийг зөвлөсөн гэнэ. Ер нь бол манай хуулийнхан “сүрхий” л ажиллаж байгаа бололтой дог. Нөгөө “Сүржин нэртэй даржин” гэгч л болж байгаа хэрэг л дээ.

Учир нь, хэргийн эзэн хэнгэргийн дохиур болох Н.Удаанжаргал нь даанч эзгүй. Эзгүй ч гэж дээ, энэ бүх үйл явдлыг урьдчилж тооцоолоод эх орноосоо зугтчихсан. Одоо бараг гурван сар болох гэж байна. Өнгөрөгч есдүгээр сард БНСУ-ыг зорьсон ч өнөөг хүртэл Монголдоо ирээгүй. Эхлээд ажлын шугамаар явсан гэж байсан ч, сүүлдээ өвчний улмаас болж хувирсан. Өрнөж буй үйл явдлаас дүгнэвэл, үнэн хэрэгтээ хууль, хүчнийхэн төмөр замын асуудлыг шалгаад эхлэнгүүт эх орондоо ирэх хугацаагаа зориуд хойшлуулах аргыг Н.Удаанжаргал сүвэгчлээ биз. За ер нь, хэн ч байсан ийм байдалд орвол тэгэх л байсан биз.

Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл, асуудал Н.Удаанжаргалдаа бус манай хуулийн байгууллагынхны байж буй дорой байдалд л байгаа юм. Авлигач, гэмт этгээдүүд хэр хол явсан, эсвэл хэдий удаан нуугдсанаас үл хамаарч тэднийг олж илрүүлж, зохих ёсны шийтгэлийг өгч чаддаг бол “Цагаан захтан”-ууд арай ч ингэж дураараа дургихгүй байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн яаж, шийдвэрлэж байв. Баримт сөхье.

 

 

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУЛ ДОРОЙ БАЙДАЛ “ЦАГААН ЗАХТАН”-УУДЫГ ДАВРААЖ БАЙНА

 

Одоогоос долоон жилийн өмнө болсон хэрэг. Төсвийн их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт сэжиглэгдсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг.

Тэднийг их хэмжээний мөнгө шамшигдуулан оргон зайлсан хэргээр хуулийнхан шалгаж байв. Энэ хэргийг мөрдөх ажиллагааг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг явуулж, холбоотой этгээдүүдийг ээлж дараалан байцааж байлаа.

Дээрх баривчилгааны хамт “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байдаг. Гэвч баривчлах тушаалын сургаар Ч.Ганбат Сингапур улсаас АНУ руу зугтсан. Тиймээс түүнийг Цагдаагийн ерөнхий газар Интерполд хандаж, эрэн сурвалжлуулахаар болсон. Мөн түүнтэй хамт “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор хайж эхэлсэн гэдэг. Сүүлдээ Ч.Ганбатын сураг Англи улсад гарч, тухайн үедээ үнэн худал нь үл мэдэгдэх олон янзын мэдээлэл түгж байсан юм даг.

Ямартаа ч энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан тухай зарим хэвлэл мэдээлж байсан. Гэхдээ энэ хэрэг хэрхэн төгссөн нь тун бүрхэг. Яг үүн шиг Н.Удаанжаргалын хэрэг нэг хэсэгтээ шуугиж байгаад замхрахыг үгүйсгэхгүй. Улстөрчдийн нөлөөлөл, хуулийг гууль болгон замхруулдаг “Хар сүүдэр” манай хууль хяналтын байгууллагыг нөмөрдөг нь нууц биш. АТГ, Цагдаагийн байгууллагын ийм сул дорой байдал “Цагаан захтан”-уудыг улам давраасаар байна. Уг нь манай улс, тэр тус­маа хуулийн байгууллага урд хөр­шөөсөө суралцах зүйл их байна.

 

“СКАЙ НЭТ”, “ТЭНГЭРИЙН ТОР”, “ҮНЭГНИЙ АВ”-ААС СУРАЛЦЪЯ

 

Авлигатай үл эвлэрч, үргэлж тэмцэхийн үлгэр дуурайллыг БНХАУ утгаар нь үзүүлж байна. Тус улс авлигын хэрэгт холбогдож, улмаар улс орноосоо оргон зайлсан ч, тэрхүү этгээдийг хаана байгаа газраас нь хайж олоод идэж ууж, авлигад авсан хөрөнгийг нь эргээд төлүүлэх тийм бодлогыг баримталж байна. Энэ бол авлигын эсрэг авч буй хамгийн шударга арга хэмжээ юм.

Ингэснээр авлигачид ял завших ямар ч боломжгүй болно. Үүний тод жишээ бол Хятадын “Скай нэт” ажиллагаа. Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмэн Ян Жинхуныг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Скай нэт” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн боллоо хэмээн Хятадын Хяналтын яамнаас мэдэгдэж байв.

Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ-руу оргосон бөгөөд 2005 оноос түүнийг Интерполоор хайж эхэлсэн гэдэг. Тэрбээр Вэнжоу хотын дэд дарга байхдаа 250 сая юанийн авлига авсан ажээ.

Үүнээс гадна 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ-д байсаар байна. Гэхдээ тэд тун удалгүй баривчлагдах нь тодорхой бөгөөд “Скай нэт” ажиллагааныхан дурандаа нэгэнт онилоод байгаа аж. Хятад Улс нь хилийн чанадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмэн болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой “Скай нэт” ажиллагааг тун амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Бас нэгэн жишээ.

Хятадын коммунист намын Төв хорооны Сахилга бат шалгах хорооноос мэдээлснээр, "Тэнгэрийн тор-2020"  тусгай арга хэмжээгээр хил давж зугтсан нийт 1421 авлигын хэрэгтнийг хуулийн дагуу баривчилж, хээл хахуулийн 2.95 тэрбум юанийг буцаан авчирчээ. Ийнхүү манай урд хөршид авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эсрэг “Sky net” нэртэй ажиллагаанаас эхлээд “Тэнгэрийн тор”, “Үнэгний ав” зэрэг үр дүнтэй олон баривчилгааг хийж гүйцэтгээд байна. Үр дүнг нь ч үзээд эхэлжээ. Харийн нутаг руу зугтсан ч хаанаас ч хамаагүй авлигчдыг олж ирээд цээрлүүлж буй урд хөршийн жишгээс манай улс үлгэр авбал яасан юм бэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоогий (66.181.186.251) 2022 оны 12 сарын 03

Хуулийг нь дандаа хулгайч нар баталж байгаа юм чинь зугтаах боломжтой л хууль батлана хэзээ ч наад хулгайчийг чинь авчирч чадахгүй ардчила гэх юм даа монголд ардчилал үнэн зохихгүй бн

0  |  0
за(202.179.25.105) 2022 оны 12 сарын 03

Хужаагаар шүүх цагдаагийнхан хичээл заалгаачээ эргүүнүүдээ..

0  |  0
Иргэн(64.119.25.82) 2022 оны 12 сарын 03

Хамгийн том хулгайч Женког буудчих хэрэгтэй.

0  |  0
Иргэн(66.181.161.102) 2022 оны 12 сарын 02

Одоо хулгай хийх юм байхгүй дуусцан томчууд шаацан

0  |  1
Иргэн(66.181.161.102) 2022 оны 12 сарын 03

Хуулийнхан гэх нөхдүүд л халаас нэг болохоороо хил гаргаад байна даа жирийн мөнгөгүй иргэн бол хилийн хоригтой хулгайч нар мөнгөөр зодоод л гараад явчих юм даа МӨНГӨНД зодуулсан хууль хяналт аа гэж

1  |  0
Иргэн(66.181.161.102) 2022 оны 12 сарын 02

Өөрснөө зугтвал энд ах дүү хамаатан садан хамсаатнуудыг нь хорь цагд дарамтал яг хятад шиг өөрснийг нь байгаа газар нь орос шиг устга.

0  |  0
бө(202.179.21.223) 2022 оны 12 сарын 02

Удаанжаргал МУ- н Хөдөлмөрийн баатар болж, МТЗ - н том дарга болж байхдаа юу бодож байсан бол? Ер нь зүгээр 19,20 оны үед лааз өшиглөж , Оюутны дууны концертын шүүгч хийсэн шиг л явж бсан нөхөр шд . Женко ахдаа мөргөж байсан байн байх даа хөөрхий... Хэт өндөрт огцом хөөрөх ч ийм юманд хүргэнэ .., Бодохоор л .... манай төрийг ийм л болгосон Женко хочит Халтмаагийн хүү , Синга хужаа Билли Лим 2 л юм . Ер нь Женко Билли Лимийн заавраар Монголыг удирдаж байсан бх даа. Тэр Биллиг Женко их сайн хүн гэж магтаад бсан шүү... манай нэлээн лицензийг зарж эзэмдэг гэж бсан ... Төгрөг нуурын энержи гм....

0  |  0
Zochin (202.126.89.205) 2022 оны 11 сарын 30

End bgaagaa yaj ch chadahgui bj zugtaad garsaniig ni olj irj haragdaach

0  |  0
эгэл(64.119.25.88) 2022 оны 12 сарын 02

манай хуулийнхан хэл ус байхгүй,мэргэжилдээ тааруухан юм байна,амэрикт бэлддэг болмоор юм.

1  |  0
энэ үнэн(192.82.78.253) 2022 оны 11 сарын 30

С. БАЯР, САЙХАНБИЛЭГ ГЭЭД ЕРӨНХИЙ САЙД НАРААСАА ЭХЛЭЭД БҮГД ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧИД, ИЧМЭЭРДЭЭ ҮНЭНДЭЭ. ОДОО САЙН ХУЛГАЙ ХИЙВЭЛ ГАВЪЯАТ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛДОГ ЦАГ ИРЖЭЭ. ХА ХА.

0  |  0
зочин(66.181.188.124) 2022 оны 11 сарын 30

Манай улс авлигатай жинхэнэ ёсоор тэмцэж гадаадад дүрвэсэн этгээдүүдийг олж ирүүлж хохирол төлүүлж ял шийтгэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Интерполын байгууллагатай хэлэлцээр хийх хэрэгтэй.

1  |  0
Зочин(122.201.24.60) 2022 оны 12 сарын 02

Удаанжаргал МУ- н Хөдөлмөрийн баатар болж, МТЗ - н том дарга болж байхдаа юу бодож байсан бол? Ер нь зүгээр 19,20 оны үед лааз өшиглөж , Оюутны дууны концертын шүүгч хийсэн шиг л явж бсан нөхөр шд . Женко ахдаа мөргөж байсан байн байх даа хөөрхий... Хэт өндөрт огцом хөөрөх ч ийм юманд хүргэнэ .., Бодохоор л .... манай төрийг ийм л болгосон Женко хочит Халтмаагийн хүү , Синга хужаа Билли Лим 2 л юм . Ер нь Женко Билли Лимийн заавраар Монголыг удирдаж байсан бх даа. Тэр Биллиг Женко их сайн хүн гэж магтаад бсан шүү... манай нэлээн лицензийг зарж эзэмдэг гэж бсан ... Төгрөг нуурын энержи гм....

3  |  1
зочин(139.5.219.35) 2022 оны 11 сарын 30

хуулиинханыг цагдаа хүчниихэнд их цэвэрлэгээ хиих шаардлагатай

2  |  0
Top