Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжиг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг шат ахиулж, Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн шинэ түүхийг эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Монгол, Японы найрсаг харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, Японы Зөвлөхүүдийн танхимын зүгээс харилцааны хөгжилд үргэлжлүүлэн анхаарч, тууштай дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Монголын төр, засаг, парламентын зүгээс “Япон лугаа хөгжье” хэмээх санаачилгыг дэвшүүлэн идэвхтэй ажиллаж байгааг дурдаж, цаашид ч Парламентын солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн Япон Улсад төрийн айлчлал хийж байгаад баяртай байгааг илэрхийлж, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд Япон Улс онцгой ач холбогдол өгдөг гэдгийг тэмдэглэж, цаашид ч хоёр улсын ган бат харилцааг улам бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд Японы Парламентын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )