AsiaNikkei: Зэсийн эрэлт гурав дахин өсөх магадлалтай

2022 оны 12 сарын 05

"Доктор Зэс" гэж нэрлэдэг улаан металлыг дэлхийн эдийн засаг хаашаа чиглэж байгааг урьдчилан таамаглах найдвартай хэрэгсэл гэдэг. Мөн сүүлийн үед эдийн засгийн онош улам бүр гунигтай  болж байна. Лондоны металлын бирж дэх зэсийн жишиг үнэ өнгөрсөн хоёрдугаар сард дээд амжилт тогтоож, 10.674 ам.долларт хүрсэн ч өнгөрсөн сарын сүүлчээр тонн нь 8068 ам.доллар болж 24 хувиар буурчээ.

Зэсийн ханш буурах болсон гол шалтгаан нь дэлхийн Төвбанкууд инфляцыг намжаахын тулд бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотой юм.

Зарим хотуудад нь  КОВИД-19-ийн тохиолдол шинээр нэмэгдэж, БНХАУ цар тахлын  эсрэг хатуу бодлогоо хэзээ бүрэн цуцлах нь тодорхойгүй байгаа тул зэсийн хамгийн том хэрэглэгч тус улсын дээгүүр хар үүл бүрхэж байна. Зэсийг ихэвчлэн цахилгааны утас, барилга байгууламж болон бусад дэд бүтцэд ашигладаг тул Хятадын эрэлт нь зэсийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч юм. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар бэлэн мөнгөний хомсдолтой тэмцэж байна.

Хэдийгээр Хятад улс саяхан бүтээн байгуулагчид болон үл хөдлөх хөрөнгийн худалдан авагчдад зээл олгох урсгалыг үргэлжлүүлэхийн тулд  арга хэмжээ авч, банкууд нэмэлт зээлийн шугамыг амлаж байгаа ч шинжээчид энэ нь  асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэж байна. “Capital Economics”-ийн түүхий эдийн ахлах эдийн засагч Каролин Бэйн  "Хэрэглэгчийн итгэл тийм бага байгаа тул  металлын үнэ цаашид буурах болно" гэжээ.

Гэхдээ  дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралт болон эрэлтийн цаашдын өсөлтийн нөлөөгөөр зэсийн үнэ урт хугацаандаа өснө гэдэгтэй олон шинжээч санал нийлж байна. Салхи, нарны эрчим хүчний тоног төхөөрөмжтэй хамт цахилгаан машинд илүү их цахилгаан утас шаардлагатай болно. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2040 онд зэсийн эрэлт уур амьсгалын бодлогын талаарх таамаглалаас хамааран 2020 оныхоос хоёроос гурав дахин өсөх магадлалтай аж.

“Jefferies” компанийн хөрөнгийн шинжээч Кристофер ЛаФемина "Богино хугацаанд үнэ буурах эрсдэлтэй. Гэхдээ энэ бол түр зуурын асуудал" гэж тодотгожээ. Тэрбээр "Дэлхийд зэсийн  эрэлт өсөн нэмэгдэж байгаа болон нийлүүлэлтийн томоохон хязгаарлалтын улмаас  дунд болон урт хугацаанд зэсийн үнэ өсөх хандлагатай байна" гэв.

“Nomura Securities” компанийн ахлах эдийн засагч Тацүфүми Окоши “Чили, Перу зэрэг хүдэр олборлогч томоохон улс орнуудын улс төрийн эрсдэлээс шалтгаалж зэсийн олборлолт төдийлөн нэмэгдэхгүй. Байгаль орчны зардал нэмэгдэж, уул уурхайн салбарт татвар ногдуулах нь нэмэгдсээр байна. Зэсээр баялаг шинэ уурхай олоход улам хэцүү болж байна” гэв. “QUICK-FactSet”-ийн мэдээлснээр, 2021 онд дэлхийн шилдэг 16 зэс үйлдвэрлэгчийн хөрөнгийн зарцуулалт 2011 онд ойролцоогоор 69 тэрбум ам.доллар байсан бол 28 хувиар буурч, нийтдээ 50 тэрбум орчим ам.доллар болсон байна.

Энэхүү чансааг гаргахдаа дэлхийн үйлдвэрлэгчдийн өнгөрсөн жилийн бүтээгдэхүүнд тулгуурлан гаргажээ. Үүнд “Freeport”, “Glencore, Zijin Mining Group”, “Rio Tinto”, BHP зэрэг компаниуд багтаж байна. Англо-Австралийн өөр нэг том уурхайчин Рио Тинто Монголын Оюутолгойн зэсийн уурхайд илүү хяналт тавихын тулд уурхайн эзэн “Turquoise Hill Resources” компанийн хувьцааг худалдаж авахаар гэрээ байгуулахыг оролдож байна. Рио “Turquoise Hill Resources”-ийн 51 хувийг эзэмшдэг. “Sumitomo Corporation Global Research”-ийн ахлах эдийн засагч Такаюки Хонма хэлэхдээ, зээлийн хүүгийн өсөлт нь жижиг уурхайчдад хүндээр тусаж байгаа бөгөөд уул уурхайн бизнес шинэ уурхай нээсний дараа хөрөнгө оруулалтын өгөөжөө өгөхөд олон жил шаардагддаг тул шинэ хөрөнгийн хөрөнгө оруулалтад саад болж магадгүй гэнэ.

Зэсийн үнэ 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр ханшид хүрч өсөөд байна. Гуравдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн “Comex” зах зээл дээр 3.6 хувиар өсөж, нэг фунт нь 3.76 ам.доллар буюу тонн нь 8274 ам.долларт хүрсэн байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top