УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Энэ үеэр Ж.Батсуурь гишүүн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрээр "Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч, хойш татан зогсоож байгаа гол онош, эх үүсвэр бол эрчим хүчний салбар гэж би харж байна. Та бүхний бидэнд өгсөн мэдээлэл, сайдын танилцуулгаас ингэж харагдаж байна.
Энэ нөхцөл байдлыг даван туулах хугацааг дэндүү алсад ярьж байна л даа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сая сайд өөрөө Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны салбар Эрчим хүчний салбар гэсэн мэдээллийг өгч байна. Энэ мэдээллийг харахад шинэ уналтын бодлого руу явж байгаа юм биш үү!
Жишээ нь та бүхний өгсөн танилцуулгад 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудад эрчим хүчний салбар чинь алдлагдлаа тэглэсэн, мөн Монгол Улсын түүхэнд IV цахилгаан станцыг 123 мегабайтаар нэмэгдүүлж байсан, III цахилгаан станцыг 50-аар нэмэгдүүлж байсан, нар салхины хосломол эх үүсвэрүүдийг оруулж ирж байсан гээд эх үүсвэр талыг нь асар ихээр нэмж байсан. Мөн алдагдлыг нь тэглээд өгсөн байгаа.
Тэр үед та бүхэн Монгол Улсыг жинхэнэ мандуулаад өгнө, жижиг дунд үйлдвэрлэлийг цэцэглүүлээд өгнө гээд авсан. Авсан цагаасаа өнөөдрийн хүртэл өр үйлдвэрлэсэн байна. Одоо өр нь дааж давшгүй зүйл болсон байна. Тэгээд ямар амжилт ярих гээд байгаа юм бэ.
Сайдын танилцуулгад урд, хойд хоёр хөршөөсөө 2 дахин, бусад улсаас 3 дахин хямд нийлүүлдэг гээд бахархалтайгаар хэлээд байх юм. Бид бусад улс орноос илүү бахархалтайгаар өр үйлдвэрлэж байна гэж байгаатай агаар нэг.
Өнөөдөр зах зээлийн эдийн засаг нээлттэй нийгэм, либералчлал ярьж байхад яагаад зориудаар үнийг барьж, Монгол Улсыг өтөнд баригдуулж байгаа юм бэ. Цаашид аймаг, сумдад жижиг дунд үйлдвэрлэл хөгжих ямар ч боломж байхгүй.
Таны мэдээлэлд өр 1422 буюу дээд тааз хүрчихээд байна гэж. Ингээд 30 жилийн өмнө тог хязгаарлаж байсан бол одоо хязгаарласан хэвээр байна. Өнөөдөр байгаа үйлдвэрлэлээ хязгаарлаж байхад шинээр үйлдвэрлэл хөгжих үү! Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих үү! Гаднаас төсөл хөтөлбөр орж ирэх үү!
Ингэж боомлигдчихоод хөгжил ярьж, Засгийн газар том төсөл хөтөлбөр дэвшүүлэх боломжгүй болчихоод байна.
Жишээ нь Багануурын 700 мегабайтын цахилгаан станцын гэрээ хийгдээд янз бүрийн шалтгаанаар зогссон гэж сайд хэлж байна. Ямар шалтгаан байгаа юм бэ, хэл л дээ? Янз бүрийн шалтгаан гэдгийн чинь цаана Монгол Улсын хөгжил байхгүй болчихлоо.
Энэ дэлхий дээр өөрийн өртгөөсөө доош зардаг, буяны үйл ажиллагаа явуулдаг газар Монголын Эрчим хүчнээс өөр хаана байна! Та нар юуны төлөө Монголыг дампууруулах гэж яваад байгаа юм бэ?
Дээр нь Монголын эрчим хүч халамжийг үйлдвэрлэж байна. Яахаараа халамж өгч байдаг юм бэ. Ер нь тэгээд нэг юм ярихаар ковид, дайн ярьдгаа боль танай Засгийн газрын гишүүд. Сүүлийн хоёр жилийн л асуудал байгаа.
2016 онд өргүй, хөрөнгө оруулалт нь явж байсан, дараагийн хөрөнгө оруулалт нь цэцэглэж байсан газрыг авчихаад хэдэн зуун тэрбумаар нь өр, халамж үйлдвэрлэчихээд өнөөдөр Шинэ сэргэлтийн бодлого ярина гэдэг ард түмнийг доромжилж байгаа асуудал биш юм уу?" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ дөрвөд яаж ажил хийж чаддаг юм үг хэллэгээ засаж чадахгүй