Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.12.05/ боллоо.
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Батболд “14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн ээлжид 479 албан хаагч үүрэг гүйцэтгэж, 34 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 819 зөрчил бүртгэгдлээ. Үүнээс 18 жолооч зам тээврийн осол гаргасан.
Тээврийн цагдаагийн алба 3840 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 3800, осол хэргийн 40 дуудлага бүртгэгдсэн. Хэргийн улмаас 39 явган зорчигч гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа” хэмээв.
Мөн өнөөдрөөс авто замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчуулах болсонтой холбоотойгоор 416 алба хаагч хяналт тавьж ажиллаж байгааг хэллээ.
Хуурамч дуудлага, мэдээлэл нэмэгджээ
Үүний дараа өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 5667 зөрчил бүртгэгдсэн нь 15.6 хувиар өссөн үзүүлэлт. Архидан согтуурч, зөрчил гаргасан 1459 иргэнийг эрүүлжүүлсэн. Архины сайн дурын эмчилгээнд 35 хүнийг хамрууллаа. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил, хуурамч дуудлага мэдээлэл өссөн” гэв. Мөн гэр оронгүй 159 иргэнийг бүртгэлжүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн бага, дунд ангийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт нэмэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослоос 204 иргэнийг аврав
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 14-ээс арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд объектын гал түймрийн 107, аврах ажиллагааны 33, нийт 140 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 204 иргэнийг аварч, 15.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1700, ой хээрийн түймрийн зургаа, аврах ажиллагааны 237, нийт 1943 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 17.6 хувиар өссөн үзүүлэлт. Арваннэгдүгээр сарын 27-29-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурсны улмаас Багахангай, Багануур дүүрэг, Төв, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт төөрсөн, автомашин цасанд суусан гэх нийт 13 удаагийн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдээс 80 гаруй алба хаагч, 10 гаруй автомашин, техниктэйгээр ажиллаж, 40 автомашиныг цаснаас татан гаргаж, 154 иргэний амийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан” гэв.
Мөн Дархан-Уул аймагт гарсан гал түймэрт 10 алба хаагч гурван автомашинтайгаар ажиллажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт гал түймрийн онц аюултай 280 объект байгаагаас газрын тосны бүтээгдэхүүний 20 агуулах, шатахуун түгээх 260 станц үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй 18 шатахуун түгээх станцын барилга, байгууламж бий гэдгийг мөн хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )