Хятадад “Тэг КОВИД” бодлогыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байгаатай холбоотойгоор тус улсыг орхин гарах иргэдийн тоо өсжээ. Үүнтэй холбоотойгоор Канадыг зорих хятад иргэдийн тоо огцом өссөн байна.
Ванкуверын цагаачлалын хуульч Ларли Розенберг “Цар тахлын хязгаарлалт нь Хятадын цагаачдад түлхэц болж байна. КОВИД-ын түгжрэл нь хүмүүсийг үнэхээр цочирдуулж, Хятад улс өөрсдөдөө болон тэдний гэр бүлд тохиромжгүй байж магадгүй гэж бодоход хүргэсэн гэж би бодож байна” гэв.
Энэ салбарт 20 гаруй жил ажилласан Розенберг “Гэхдээ Канад улсыг зорьж буй Хятадын үйлчлүүлэгчдийн уламжлалт хөдөлгөгч хүч бол хүүхдүүддээ илүү сайн боловсрол, цэвэр агаарт амьдруулах, эрүүл амьдралын хэв маягтай болгох гэсэн хүчин чармайлт юм” гэдгийг тодотгожээ. Канадын Цагаачлал, дүрвэгсэд, иргэний харьяаллын цахим статистик мэдээллээс үзэхэд 7-9-р сард Хятадаас байнгын оршин суух хүсэлт илгээсэн иргэдийн тоо 9925-д хүрсэн байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт аж. Розенберг улс төр ч үүнд нөлөөлж байгаа гэдгийг дурдаад "Ши Жиньпинийн бүрэн эрхийн хугацаа уртассан нь зарим хүнийг, ялангуяа бизнес эрхлэгчдийг айлгаж, тэд Канадыг өөрсдөдөө болон гэр бүлийнхэнд нь ээлтэй газар гэж үзэж байна" хэмээв.
Цагаачлалын асуудал эрхэлсэн зөвлөх Тиффани Хятадаас ирж буй түүний үйлчлүүлэгчийн олонх нь Хятадын “Тэг КОВИД” стратеги нь тэдэнд эрх чөлөөгөө хасуулсан гэдгийг мэдрүүлсэн. Олон хүнд бага зэрэг илэн далангүй, тайван байхаас хатуу чанга байдал руу шилжиж буй мэт дарамтыг мэдрүүлж, өөр улс руу зугтахыг бодоход хүргэж байна" гэжээ.
Цагаачлалын асуудал эрхэлсэн зөвлөх Кен Тин Лок Вонг хэлснээр түүний фирмд хандаж, гэр бүлээ нэгтгэх гэж хандах хүмүүсийн тоо өссөн аж. Тэрбээр “Энд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд төрөлх улсдаа илүү их мөнгө олох боломжтой ч гэр бүлийн гишүүдтэйгээ ойр байх нь амьдралд юу юунаас илүү чухал гэдгийг ойлгосон" гэв. Оттава дахь Хятадын Элчин сайдын яамнаас тайлбар өгөхийг хүссэн ч хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Цар тахлын үед Хятадыг орхих болон энэ тухай илэн далангүй ярихаас болгоомжлох болсон тул Хятадын онлайн хэлэлцүүлэгт "run xue" буюу философи гэсэн кодлогдсон нэр томъёог ашиглаж байна. Хоёр хэл дээрх нэр томъёо нь Хятадаас гарах арга замыг судлахыг хэлдэг бөгөөд Хятад хэл дээрх вэбсайт, чат өрөөнд өргөн хэрэглэгддэг. Гурван жилийн өмнө Бээжингээс Ванкувер руу нүүж ирсэн цагаач улс төрийн шалтгаанаар улсаа орхисон гэжээ.
Тэрбээр мөн Хятадын Засгийн газрын хэлмэгдүүлэлтээс айж өөрийгөө таниулахгүй байхыг хүссэн байна. 30 гаруй настай инженер 2008 онд Тайбэй Хятадын жуулчдад үүд хаалгаа нээсний дараа Тайвань руу олон удаа аялж байсан гэжээ. "Би Тайбэй хотын Эрх чөлөөний талбай, олон нийтийн талбай дээр зогсохдоо зарим хүнийг дураараа байхыг харсан. Зарим нь хөгжмийн бэлтгэл хийж байсан бол зарим нь улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд лоозон бариад зогсож байсан. Би талбай дээр цагдаа байгааг хараагүй бөгөөд энэ бол миний сэрэх мөч байсан. Би дотроо “Би үнэхээр ийм амьдралаар амьдарна” гэж бодсон. Тэрбээр амралтын үеэр ганцаардаж, амьдралаа залгуулахын тулд олон ажил хийх шаардлагатай болсон ч Ванкувер дахь амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Мөнхийн цагаачид, хаана сайхан газар байна тэнд л очдог.