Х.Нямбаатар: Маркшейдерийн баг олборлолтыг он, оноор нь хэмжинэ

2022 оны 12 сарын 09

Нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаж буй иргэдийн шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.09) танилцуулж, хэргийг мөрдөн шалгах ажилтай холбоотойгоор тодорхой ахиц гарч байгааг хэлсэн. 


Тэрээр "Маркшейдерийн баг буюу уул уурхайн хэмжилт хийдэг тусгайлан томилсон шинжээчдийн бүрэлдэхүүн Тавантолгой болон жижиг Тавантолгойн олборлолт хийсэн талбай дээр он, оноор нь, уулын ажлын төлөвлөгөөтэй нь уялдуулан хэмжилт хийх ажлууд хийгдэж байгаа.

Ингэхдээ нийт хэчнээн куб мянган метр уулын ажлыг оператор компаниуд хийсэн бэ. Үүнээс хэд нь өнөөдөр газрын гадарга дээр хөрс хуулалтын шороо болж үлдсэн юм бэ, хэчнээн тонн нүүрс олборлосон юм бэ, үүнээс хэчнээн сая тонн нүүрс нь эрчим хүчний нүүрс, хэчнээн сая тонн нь коксожсон нүүрс юм бэ гэдэг хэмжилтийн ажлууд өнөөдрөөс эхлээд хийгдээд явж байгаа.

 

Мөн хил гаалийн мэдээтэй холбоотой гаалийн мэдээллүүдийг нягтлан шинжлэх, хилийн мэдээтэй тулгах ажлууд Өмнөговь аймаг дээр давхар хийгдэж байгаа. Энд Улаанбаатар хотод АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Тавантолгойн бичиг баримтад үзлэг шалгалт хийх, Тавантолгойн байгуулсан гэрээнүүдэд үзлэг шалгалт хийх, гэрээтэй холбоотой тайлбар мэдээллүүдийг авах, гэрээгээр далимдуулж давуу байдал үүсгэсэн эсэх, мөн худалдан авалттай холбоотой мөрдөн шалгалтын ажиллагаа дээр хуулийн этгээдүүдэд давуу байдал олгосон эсэх асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК, болон жижиг "Тавантолгой” ХК-ийн татварын тайлангуудыг олон нийтэд ил болгохыг өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлсэн.

Санхүүгийн тайлангуудыг хоёр хэлбэрээр мэдээлнэ. Нэг нь олон нийтэд онлайн платформоор танилцуулах ёстой. Хоёр дахь нь тодорхой мэдээллийн төвүүдийг ажиллуулъя. Татварын тайлан дээр бүх санхүүгийн орсон гарсан мөнгөн урсгалууд бүгд мэдээлэгдэж байгаа. Үүнийг судлаач, шинжээчид очиж үзэх ёстой.

Дээр нь "40 их наяд төгрөгийн нүүрс" гэдэг хэмжээг маркшейдерүүдийн дүгнэлт дээр үндэслэж нэгдсэн дүгнэлтэд хүрэх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэг УИХ-ын гишүүн 10 гаруй жилийн хугацаанд ухсан уулын ажил, нүүрсний хэмжээг амаараа гаргах нь зохимжгүй. Тиймээс шинжээчдийг ажиллуулж байна. Шинжээчид дээр нэмэгдээд жагсагчдын төлөөлөл, мэргэжлийн хүмүүсийг энэ төрлийн ажиллагаанд оролцуулахад одоо ч нээлттэй байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top