Монголын үндэсний музейн 2022 оны отгон үзэсгэлэн “НҮҮДЭЛЧДИЙН АГСАРГА БҮС”

2022 оны 12 сарын 16

Монголын Үндэсний музейн 2022 оны хамгийн отгон үзэсгэлэн "Нүүдэлчдийн агсарга бүс" тусгай үзэсгэлэнг өнөөдөр /2022.12.16/ нээлээ. Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ "Тус үзэсгэлэн нь музейн сан хөмрөг болон хувь цуглуулагчдын цуглуулгад хадгалагдаж буй агсарга бүстэй холбогдох үзмэр цуглуулгыг дээжлэн олон нийтэд нээлттэй толилуулахдаа эрдэм шинжилгээний каталоги номтой мөн эрдэм шинжилгээний хуралтай зохион байгуулагдаж буйг" онцлон тэмдэглэв.

Бүс нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон байдаг бөгөөд морь унахад гэдэс зайлах, бөөр доргих, нуруу чилэхээс хамгаалах чухал үүрэгтэй төдийгүй, нийгмийн зэрэг зиндаа, эрх мэдлийг илтгэх чухал зүйл болон хөгжжээ. Тиймээс эрт үеэс бүсний арал, бэл тоногийг алт, мөнгө, үнэт чулуу хүрэл, яс, мод зэргээр урлан чимэглэдэг байв. Түүнчлэн бүсний арал дээр олон төрлийн амьтны дүр хээ угалз дүрслэх бөгөөд энэ эртний нүүдэлчдийн гоо зүйн илэрхийлэл, ертөнцийг үзэх үзлийг илтгэн харуулах өргөн утга агуулдаг байна. Бүс нь мөн эртнээс улс орон, хүн хооронд эв найрамдал тогтоох, тангаргийн эрхэм дээд бэлэг болдог байсан аж. Дээрх бүс эрхэмлэх уламжлал хожмын монголчуудад ч өвлөгдөн иржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top