Sky News: Монголд болж буй жагсаал тэгш бус байдалтай холбоотой

2022 оны 12 сарын 23

“Sky News”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол бол Хятад, Оросын дунд хавчуулагдсан далайд гарцгүй улс юм. Газарзүйн байршил, логистикийн сорилт, түүнчлэн хуучин ЗХУ-ын нөлөө зэргээс гадна худалдаа, хангамжийн хувьд хоёр хүчирхэг хөршөөсөө ихээхэн хамааралтай болох нь олон зүйлээс харагддаг.  Гэвч 2022 он Украины дайн болон Хятадын "Тэг КОВИД" бодлого нь ихээхэн хүндхэн байдалд оруулаад буй. Энэ оны эхээр ОХУ-ын түрэмгийллийг буруутгасан НҮБ-ын санал хураалтад Монгол түдгэлзсэн санал өгсөн.

Тус улсын Шадар сайд С.Амарсайхан "Хойд хөрш ОХУ-аар дамжуулан бид Европоос бүх тээвэрлэлтээ хийдэг. Орос бол бидний түнш" гэж мэдэгдэж байв.

 Тэрбээр  мөн ядуу буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь туслах зэрэг бусад тулгамдсан зорилт байсаар байтал барууны орнууд дайн, цөмийн зэвсэг болон төрөл бүрийн хүнлэг бус үйлдлүүдэд  хэдэн их наяд ам.доллар зарцуулж байгааг шүүмжилж байв. С.Амарсайхан ийм зардлаа эргэн харахыг уриалаад, Монгол шиг хөгжиж буй орон Олон улсын тусламжгүйгээр нүүрсний уурхайгаас холдох боломжгүй гэдгийг онцолж байв.

Тэрбээр “Бидэнд ноу-хау, шинжээчид, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Үүнийг Монгол Улс дангаараа хийж чадахгүй, нүүрсний хэрэглээгээ зогсоож болохгүй. Учир нь, энэ бол манай улсын найдвар тавьж байгаа цорын ганц нөөц юм. Өнгөрсөн зуунд хэдэн тэрбум паунд нүүрс хэрэглэсэн хүмүүс одоо Монгол шиг улс орнуудад туслах ёстой" хэмээн ярьжээ.

Монгол Улс хөгжиж буй орон бөгөөд иргэдийн олонх нь ядуу хэвээр байгаа ч ашигт малтмалын асар их нөөцтэй. 1990, 2000-аад онд чөлөөт зах зээлийн ардчилалд шилжсэнээр уул уурхайн салбар нь эрчимтэй хөгжсөн. Нүүрс, зэс, алтны  олборлолтоос тус улс Дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг орчим хувийг бүрдүүлдэг. Энэ намрын COP27 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр ядуу буурай орнуудад туслах сан байгуулах тохиролцоонд хүрсэн. Монгол Улс ган гачиг, цөлжилтөд нэрвэгдээд байгаа тул тусламжийг цаашид улам өргөжүүлэх ёстой гэж ноён С.Амарсайхан үзэж байна.

Тэрбээр цар  тахал болон БНХАУ-ын “Тэг КОВИД” бодлогын улмаас ихээхэн дарамтад өртөөд буй Монгол Улсын эдийн засаг сэргэнэ гэж өөдрөгөөр харж байна.

БНХАУ-ын “Тэг КОВИД”  бодлогын улмаас  хоёр улсын хилийг хаасан нь худалдаанд ихээхэн нөлөөлсөн бөгөөд ихэнх нь ачааны машинаар дамжин өнгөрдөг.С.Амарсайхан “Энэ нь зөвхөн манай эдийн засагт төдийгүй нийт нийгэмд томоохон хохирол учруулж, улс орны бүх салбарыг хамарч байна” гэв.

Мөн тэрбээр сүүлийн үед нийслэл Улаанбаатарт болсон эсэргүүцлийн жагсаал зарим талаараа эдийн засгийн хүндрэл, тэгш бус байдал, мөн уул уурхайн салбар дахь авлигатай холбоотой гэдгийг тодотгож байв.

С.Амарсайхан Монгол Улсыг Хятадтай холбосон шинэ төмөр зам ашиглалтад орсноор экспортын үзүүлэлтийг сэргээж, эдийн засгийг сэргээхэд чухал ололт, чухал алхам боллоо гэдгийг мөн сайшаажээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.190.64) 2022 оны 12 сарын 23

hujaatai holbootoi

1  |  0
иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 23

хулгайч авилгачин төртэй хогийн нийгмээс залхаж байна

3  |  0
Top