Г.Лхам: Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаанд Монголд сүүлийн 10 гаруй жилийн дотор ховор, нэн ховор амьтдын тоо толгой 70-90 хувиар буурсан гэх мэдээлэл байна. 1980 иад онд 40 000 орчим аргал хонь, 140 000 орчим халиун буга, тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13000 орчим аргаль хонь, 10 000 орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2005 онд 1500 орчим монгол бөхөнтэй гэсэн дүн гарсан. Ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж үзэгддэг амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна.

Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Лхам:

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ онд нийт хүрээлэн байгаа орчны эсрэг 537 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал хууль бусаар мод бэлтгэх, ан агнах гэх мэт улирлын шинж чанартай гэмт хэргүүд нэлээдгүй бүртгэгдэж байна. Хамгийн сүүлийн байдлаар буюу энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтурууны шалган нэвтрүүлэх пост дээр Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хяналт шалгалт хийх явцад Хөвсгөл аймгаас том оврын тээврийн хэрэгсэлтэй 162 ширхэг хөлдөөсөн тарвага оруулж ирэх гэж байсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ажиллалаа.   Улсын хэмжээнд хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 11 сард  62 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 хэргээр буюу 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top