П.Ганхуяг: 2024 он гэхэд 58 үүлдрийн малаас үр авч хадгална

2022 оны 12 сарын 26

Монгол Улс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй эсэх, малын удмын санг хадгалах болон үүлдэр угсааг сайжруулах нь хоорондоо ямар холбоо хамааралтай зэрэг эргэлзээтэй асуудал олны дунд бий. Энэ талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуягтай ярилцлаа.


-Малын удмын сангаас энэ онд ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв. Ололт амжилтын талаар ярилцлагаа эхэлье?

-Манай байгууллага 2022 онд “Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдааг Монгол Улсад анх удаа цахим хэлбэрээр 16 аймаг, нийслэлээс нийт 128 малыг хамруулан зохион байгуулсан. Мөн Донор малын арчилгаа маллагааны өвс тэжээл бэлтгэх ажлын хүрээнд цогцолборт 3500 боодол байгалийн хадлан, 500 боодол ногоон тэжээл, 17.5 тонн урлон ногоон тэжээл,тэжээлийн будаа 15.5 тонныг тус тус бэлтгэж нөөцлөсөн. Цаашлаад цөм сүргийн малын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Увс аймагт 450 боодол ногоон тэжээл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Булган, Хөвсгөл аймгийн цөм сүргийн нийт 3500 боодол өвс бэлтгэн орон нутагт татан нөөцлөв.Дээрх арга хэмжээний хүрээнд нийт 270.0 тонн байгалийн хадлан, 33.5 тонн ногоон тэжээл,15.5 тонн тэжээлийн улаан буудай бүгд 318.5 тонн тэжээл бэлтгэж тэжээлийн нөөц бүрдүүлж ажиллалаа.

-Омгийн малаас үр үйлдвэрлэж гений санд хадгалах ажлын үр дүнгийн тухайд?

-Монгол Улсад 58 үүлдэр омгийн мал бий. Үүнийг устаж үгүй болохоос сэргийлж хээлтүүлэгчээс нь үрийг нь авч генийн фонд болгон хадгалах зорилготой. Одоогоор 64 мянган тонн үр хадгалагдаж байна. 58 үүлдрээс 19 үүлдэр нь л байгаа. 2024 он гэхэд 58 үүлдрийн малаас үр авч хадгалах зорилготой. Малын  тоо өсөж, чанар муудаж байгаа учраас чанартай мал болгох гэж хээлтүүлэг хийдэг. Өөрөөр хэлбэл, нас гүйцсэн монгол хониноос 22-24 килограмм гулууз мах гардаг. Гэтэл гадны орноос хонь импортлоод хээлтүүлэг хийвэл гарсан төл нь нэг настайдаа 26 килограммтай болно. Монгол үхрийн амьдын жин 350 килограмм байгаа. Эрлийзжүүлбэл бяруу гэхэд 400 кг орчим жинтэй байж 200 килограмм мах гарна.

Энэ онд Дорнод Монголын улаан үүлдрийн бух, Сутай, Торгууд, Говь-Алтай, Байдраг, Баянгол омог, Керей, Сартуул, Баяд, Бүрэгхангай, Эдильбай хуц, Завхан буурал, Алтай улаан, Залаа жинст, Дэлгэрэхийн улаан, Уулын бор, Өлгийн улаан ухна зэрэг 17 үүлдэр, омгийн малыг сонгон тэдгээрээс стандарт, шаардлагад тэнцсэн нийт 3330 тун үр авч үндэсний генийн санд хадгалсан байгаа. Япон улсын Сецүро Тех Инк, Оптейж Инк ХК, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, Мал эмнэлгийн сургуультай хамтран ноолуурын ямааны үр хөврөлд геном засварлах дөрвөн удаагийн туршилт хийж, 12 ямаанаас 140 ширхэг хөврөл угааж тус хөврөл дээрээ генийн эдитэнг, PSR болон NGS-ийн шинжилгээ хийж дүн мэдээг боловсруулах ажлыг Япон улсын болон үндэсний эрдэмтэдтэй хамтран хийж байна.

"Шинжлэх ухааны паркийн захиргаа“-ний доктор П.Чимгээтэй хамтран Төв аймгийн Баянцагаан сумын илүү нугаламт 200 толгой хонины чихний эдээс ДНХ ялгах, ялгасан ДНХ-д чанарын шинжилгээг гельэлектрофорез тавьж илүү нугалмыг тодорхойлох удамшлын ген байгааг урьдчилсан байдлаар тогтоов. АДРА олон улсын байгууллага, Австрали улсын "GENE MOVERS PTY LTD", "GRYOGENICS PTY" ХХК-тай хамтран тус улсаас импортолж авсан гойд ашиг шимт меринос үүлдрийн хуцны үрээр Булган аймгийн цөм сүргийн нэгжийн Хангай үүлдрийн 100 хонь, Сэлэнгэ аймгийн Ерөө үүлдрийн 150 эм хонь, Франц улсаас импортлон нутагшуулсан 100 эм хонь, нийт 350 толгой хонинд дурангийн мэс ажилбарын аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг Австрали улсаас ирсэн мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн.

-Энэ чиглэлийн мэргэжилтэнг хэрхэн бэлтгэв?

-ХААИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран 2021 онд импортоор авч ашиглаж байгаа донор хээлтүүлэгч, хээлтэгч малаас үр тогтсон хөврөл ур угааж, тээгч үнээнд суулгах ажлыг сургалт, үйлдвэрлэлийн хэлбэрээр зохион байгуулж дөрвөн  мэргэжилтэнг дадлагажуулав.

-Зохиомол хээлтүүлгийн ач холбогдолыг тайлбарлаач?

-Бид генийн санд байгаагаас гадна импортоор орж ирсэн, иргэд аж ахуйн нэгжид байсан малын хээлтүүлэгчийг цогцолбор дээрээ татан авч байршуулаад тэндээсээ үр үйлдвэрлэлийг ажлыг хийдэг. Ер нь сүүлийн жилүүдэд үр үйлдвэрлэлийн хувьд дотооддоо 16-17 мянган үр үйлдвэрлэж байгаа. Дээрх үрийг орон нутагт төвтэй гэрээт 45 ажилтнаар мал үржүүлэгч, малчны захиалгын дагуу зохиомол хээлтүүлгийн ажлыг хийдэг. Монгол Улсын Засгийн газраас тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн бүсэд байх уламжлалт мал аж ахуйг эрчимжүүлж, чанаржуулъя гэсэн чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа.

Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалангийн бүсэд зохиомол хээлтүүлэг, биотехнологийн үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах ажил эхлүүлсэн. Мөн 2022 оны төсөвт нийтдээ 1,5 тэрбум төгрөг зохиомол хээлтүүлэг, биотехнологийн ажилд төсөвлөсөн. Үүний гол ач холбогдол нь, өндөр ашиг шимтэй малыг зохиомол хээлтүүлгээр үржүүлбэл гарсан төл мал малчны нүдэн дээр өндөр ашиг шимтэй мал болон өснө. Ийм төл мал төрснөөр тухайн малчин энэ төрлийн малыг өсгөх сонирхол нь улам нэмэгдэнэ. Тиймээс уг ажлыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Энэ онд малын гений санд хэчнээн тун үр үйлдвэрлэсэн бол?

-Дотоодод үйлдвэрлэсэн бүгд үр 17.272 тун, харин гадаад орноос импортолж авсан үр буюу хээлтүүлэгчийн ашиг шимийг өсгөх чиглэлээр махны дөрвөн үүлдрийн бухны 7000 тун, мах, сүүний үүлдрийн бухны 3000 тун үр, сүүний бухны үүлдрийн нэг бухнаас 1000 тун үр, Австралийн меринос үүлдрийн таван бухнаас 5000 тун гэх мэт нийтдээ 36272 тун үр авсан.

-Малын зохиомол хээлтүүлгийн ажил энэ жил хэдэн хувьтай байв?

-Борнуур сумын техникч Д.Гэндэндарам 1235 үнээнд, Батсүмбэр сумын техникч П.Наранбаатар 1150 үнээнд, СХД-ийн техникч Б.Дорждэрэм 1120 үнээнд 81.1-83.3 хувьтай зохиомол хээлтүүлэг хийсэн.Хувиараа ажил үйлчилгээ эрхлэгчдээс Дундговь аймгийн Сайн цагаан сумын иргэн Б.Насанжаргал, Г.Сангиа гэх хоёр залуу суфолик үүлдрийн гурван хуц ашиглан Дундговь аймгийн Дэрэнд 480 эм хонь, Төв аймгийн Эрдэнэсантад 450 эм хонь, Дорнод аймгийн Дашбалбарт 300 эм хонь Бүгд 1230 эм хонийг 71.0 хувьтай хээлтүүлсэн байна. Нутаг акедеми” ТББ-аас Архангай аймгийн Хотонт суманд Эрчимийн хар ухнаар 1000 эм ямаа, Говь-Алтай аймагт Алтайн улаан ухнаар 1000 эм ямаа, нийт 2000 эм ямааг 73 хувьтай хээлтүүлсэн.

-Манай улсын малын хэд орчим нь удмын санд бүртгэлтэй байдаг вэ?

-Малын удмын сангийн үндэсний төвд 2022 оны арванхоёрдугаар  сарын байдлаар бүртгэлтэй 9296 тоо толгой мал бий.

-Шинэ үүлдрийн мал гарган авах, эрлийзжүүлэх нь монгол малын удмын санд ямар нэг нөлөө үзүүлэх үү?

-Нэгдүгээрт, шинэ үүлдрийн мал гаргаж авах нь тухайн улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамны шийдвэрээр хэрэгжих ёстой ажил юм. Монгол Улсын нутагт дэвсгэрт тэсвэртэй эсэхийг харгалзаж үзэх нь чухал асуудал болдог. Хоёрдугаарт, шинэ үүлдэрийн мал бий болгоход заавал мал аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагын тодорхой арга зүй, удирдамж хэрэгтэй.

Мөн үржлийн схем, аргачлал болон технологийг эрдэмтдийн зөвлөлөөр баталдаг. Энэ хүрээнд удирдамж, арга зүйн дагуу тодорхой хугацаанд гадаадаас сайжруулагч мал авчрахаар бол Монгол оронд дасан зохицсон, тодорхой удам зүйн хувьд ялгаатай, үр төлийнхөө чанараар шалгагдсан бүлүүдтэй малыг баталгаажуулж бий болгодог. Үүний дараа ажлын хэсэг гарч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэр тушаалаар хянан магадлагаа хийгээд түүний дүнг үндэслэн тухайн үүлдэр, омгийн малыг сайдын тушаалаар баталдаг. Тиймээс энэ явц нь монгол малын генд нөлөө үзүүлэхгүй. Энэ бол монгол малын удам зүйд харшлах зүйлгүйгээр тодорхой бүс нутагт бий болгож үржүүлэх явц юм. Мөн тоо толгой нь цөөрөх устах бус улам л арвижиж, ашиг шимийн төрлүүд нь өөрчлөгдөнө гэсэн үг.

-Манай улс ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийд аль хэдийнэ танигдсан. Тэгвэл ноолуурын чанарыг хадгалахын тулд юуг анхаарах вэ?

-Монгол ямааны ноолуур  сүүлийн 10 жилд дунджаар нэг микроноор нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 14.5 байж байгаад 15.5 болсон гэсэн үг. Дахиад нэг микроноор нэмэгдвэл Монгол Улсын ямааны  ноолуур кашемир гэх ангиллаас кашегиор ангилал руу шилжинэ. Дэлхийн ноолуурын 40 хувийг бүрдүүлдэг монгол ямааны ноолуур кашигор луу шилжвэл 100 мянган төгрөгөөр үнэлэгддэг ноолуур 30 мянган төгрөг болтлоо буурах эрсдэлтэй. Ноолуурын ширхэг бүдүүрэх тусам техникийн эвдрэл үүсгэдэг. Монголын ноолуурын үнэ цэнийг зах зээлд унагах эрсдэл олон. Тиймээс 15,5 микрон ноолууртай ямааны хөврөлийг угааж өөр ямаанд суулгаж нэг төрлийн стандарттай ноолуур гаргах гэх мэт шинжлэх ухааны технологийн аргуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Угтаа бол нарийн ширхэгтэй ямааны ноолуур хоёр дахин үнэтэй байх ёстой.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top