“Итгэлийн оч” Ц.Цогтбаатар болон дэлхийн тамирчид амжилтаа мялаалгалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Оны төгсгөлд салбар бүр ололт, амжилтаа бататгаж, шилдгийн шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Тэр дундаа спортын салбар Монголын ард түмний хамгийн их анхаарлын төвд байж, шилдгийн шилдгээр хэн нь хэн байх вэ гэдгийг таалцаж, хувь бүрдээ дүгнэлт хийж, чих тавин суудаг билээ. Тэгвэл Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно 2022” эзнийг тодруулахаар энэ сарын 26-ны өдөр Чингис хаан музейд хуран цуглалаа.

Энд их спортын үндэс суурийг босголцож, олон олон шавь нарыг бэлтгэн гаргаж гавьяаныхаа амралтад гарсан тамирчид удаан уулзаагүй нэгнээ харж дуу хөөр болж байх ахуйд өдгөө эд шуугиулж буй идэр үеийнхэн тэдэнтэй мэхийн ёсолж, хүндэлж буйг харахад юутай бахдам сайхан. Спорт гэдэг зүйл тэднийг ийн хүмүүжүүлжээ. Сэтгэл догдлон хүлээсэн мөч ч ирж монголчуудын таамаглаж байсан жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар, хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг нар оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорлоо. Тэгвэл үдшийн гол шагнал болох цомын эзнээр жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар шалгарч, Монгол түмнээ баярлуулсан юм. Тийм ээ, тэр үнэхээр л ард түмний хүү “итгэлийн оч” нь билээ.

 

МАНАЙ ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ТЭМЦЭЭНЭЭС 115 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

 

...Ийм сайхан эх болсон нутгаа хайрлахгүй байхын аргагүй

Ийм сайхан Монгол орноо дуулахгүй байхын аргагүй ээ... хэмээх “Хамаг Монгол” дуугаар “Бөртэ чоно 2022” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа эхлэв. Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулсан “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодрууллаа. Жил ирэх бүр дэлхийн медальтан олноор төрж буй нь шилдгүүдийг тодруулахад улам л хэцүү болсныг тодотгох нь зүйтэй.

Тодруулбал, дэлхийн аваргаас 10 медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 24 медаль хүртсэн бахдам сайхан амжилттай энэ оныг үдэж буй. Нийтдээ олон улсын чанартай тэмцээнээс 115 медаль хүртжээ. Тэр дундаа шинэ залуу тамирчид олноор төрөн гарч байгаагаас харахад 2024 оны Парисын олимпын дэвжээг өнгөлөх нь гарцаагүй биз ээ.

Тус үйл ажиллагааг нээж ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг үг хэллээ. Тэрбээр “Спортын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг, дэмждэг та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр наадам “Парис 2024” зуны 34 дэх удаагийн наадам эхлэхэд 584-хөн хоног үлдлээ. Энэхүү наадамд илүү өргөн хүрээтэй оролцож, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Хамгийн сүүлийн дугтуй задлах мөч ойртоход зочид бүгд анхаарлаа нэгэн зүгт хандуулна.

Монгол Улсын 2022 оны шилдгийн шилдэг тамирчны нэрийг зарлаж, шилжин явах хүндэт цомыг эзэнд нь гардуулахаар УИХ-ын гишүүн Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар гарч ирэв. Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр ““Бөртэ Чоно” гэх энэ гайхалтай спортын шилдгүүдээ шалгаруулдаг тэргүүн дээд ёслолын арга хэмжээг 20 жилийн өмнө анх Боролдойн Мягмар бид хоёр санаачилж байлаа. 20 жилийн ой нь болж байна. 2022 онд манай салбарынхан амжилт бүтээл арвин байна. Тэр дундаа их спортын тамирчид гайхамшигтай сайхан амжилт гаргалаа. 2024 он удахгүй болно. Олимпын наадамд манай тамирчид сайн бэлдэж, эх орныхоо төрийн далбааг мандуулах үүрэг хариуцлага бий. Олимпын эрхээ авах гол даалгавар бий. Үүний зэрэгцээ биеийн тамир, спортыг дэмжигч аж ахуй нэгжүүд, Засгийн газрын зүгээс нийт хүн амынхаа эрүүл амьдралын хэв маягийг бий болгох тал дээр онцгой анхаарч байна. Манай салбарынхан нийгэмд эерэг хандлагыг бий болгох, үлгэрлэх хариуцлага бий” хэмээлээ.

 

Ц.ЦОГТБААТАР: УНАСАН Ч, ДАВСАН Ч ДЭМЖИЖ БАЙДАГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА

 

Ийн “Бөртэ чоно 2022” оны шилжин явах цомын эзнээр Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар дуудагдлаа. Өдгөө 26 настай түүний хувьд 2022 онд шижигнэсэн, бахдам сайхан амжилтаар дүүрэн жил боллоо. Ц.Цогтбаатар өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга болсон амжилтаараа 2022 оны шилдэг тамирчнаар тодорч “Бөртэ чоно” шилжин явах цомын эзэн болов. Мөн шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин болж давхар давхар баярт мөч тохиолоо. Жүдочдоос өмнө нь Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар оны шилдэг тамирчин шагналын эзэн болж байсан юм. Шилдэг тамирчдыг тодруулахдаа спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар эмэгтэй тамирчдаас Л.Энхрийлэн 24, Д.Отгонжаргал 51, М.Анхцэцэг 75 оноо авсан бол эрэгтэй тамирчдаас Э.Ариунболд 19, М.Лхагвагэрэл 68, Ц.Цогтбаатар 93 оноо тус тус авчээ.

Ийнхүү оны шилдэг болон шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон “итгэлийн оч”  Ц.Цогтбаатарын сэтгэгдлийг хүргэе. Тэрбээр “Маш их баяртай байна. Шилдэг тамирчдаас оны шилдгээр нь шалгарлаа. "Бөртэ Чоно" бол сэтгэл догдлон хүлээдэг мөч. Нэр хүндтэй маш олон аваргуудын барьж байсан цомыг ингээд тэврээд зогсож байгаадаа сэтгэл хангалуун, баяртай байна. Мэдээж тамирчин хүний дотор үргэлж том зорилго байдаг. Дахиад олимпын медальтай, дэлхийн аварга болмоор байна. Боломж бололцоо, сэтгэл зүй байвал дахиад л амжилтуудаа давтмаар байна. Энэ бүхний ард гэр бүл минь байгаа. Миний хань, миний хүүхэд хэзээ ч шантрахгүй, зогсохгүй байхад нөлөө үзүүлдэг. Тиймээс өнөөдрийг хүртэл бүхнээ дайчлан явж байна. Он гараад Парисын их дуулга тэмцээнд оролцоно. Монголын минь ард түмэн үргэлж намайг дэмжиж, унасан ч давсан ч хамт байдаг, тусалж дэмждэг баярлалаа. Энэ сайхан итгэлийг аль болох чадлаараа, унагаахгүй авч явахыг хичээнэ. Бүгдээрээ эрүүл энх, саруул сайхан байгаарай” хэмээлээ.

Л.ЭНХРИЙЛЭН: М.УРАНЦЭЦЭГ ЭГЧИЙГЭЭ НАДАД БУРХАН ӨГЧ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЭЛЖ БАЙСАН

 

Оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар хүндийн өргөлтийн М.Анхцэцэг тодорсон. Тэрбээр энэ онд тивийн аваргад түрүүлж, дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн билээ. Гэвч энэ үдэш өөрийн биеэр арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй юм. Мөн шилдэг эмэгтэй тамирчнаар Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Энхрийлэн, Чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргал нар тодорлоо.

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргалын хувьд өнгөрсөн жил 20 насандаа шилдэг залуу тамирчин болж байсан бол энэ жил шилдэг эмэгтэй тамирчин боллоо. Энэ жил дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн түүний сэтгэгдлийг хүргэе. Тэрбээр “Сэтгэгдэл өндөр байна. Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, дээд шагнал авлаа. Авна гэдэгтээ итгэлгүй л байлаа. Энэ жил өгөөжтэй, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн, баг хамт олонтойгоо дурсамжтай он цагийг өнгөрүүлж байна. Долоодугаар сараас хойш бид дэлхийн аваргын бэлтгэлдээ гарсан. Нэг зорилгын төлөө зүтгэсэн болохоор амжилтад хүрсэн. Багшийнхаа хэлснээр бүхий л барилдаанаа хийсэн. Хажуугаар нь өрсөлдөгчдөө сайн судалсан. Он гараад улсын аварга бий. Улсын аварга болж байж цааш дэлхийн аваргад өрсөлдөнө. Тиймээс улсын аварга болох л эхний зорилго. Чөлөөт бөхийн хамт олондоо шинэ оны мэнд хүргэе. Амжилт бүтээлээр дүүрэн аз жаргалтай байх болтугай” гэсэн юм.

Мөн жүдоч Л.Энхрийлэн шилдэг эмэгтэй тамирчин болсон. Тэрбээр энэ жил дэлхийн аваргаас анхны медалиа зүүж, Улаанбаатарын Их дуулга тэмцээнд түрүүлсэн билээ. Түүний шагналыг өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирчин, гавьяат тамирчин М.Уранцэцэг гардуулсан юм. Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн “Анх удаагаа “Бөртэ Чоно”-д оролцож байна. Анх удаагаа оролцоод л шилдэг тамирчнаар тодорсондоо баяртай байна. Өмнө нь энэ арга хэмжээг гэртээ үзээд л байж байдаг байлаа. Харин одоо оролцоод шилдэг болсондоо баяртай байна. Маш сайн хичээж чадвал энэ шагнал амжилттай минь хамт ирнэ гэдэгт итгэж байсан. Мөн М.Уранцэцэг эгчийгээ надад бурхан өгч байна гэж зүүдэлж байсан. Сая энэ тавцан дээр эгчийнхээ гараас шагнал авахад гайхалтай байлаа.

 

Л.ТУРУУНАА: АНХНЫ ДЭЛХИЙН АВАРГАДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН МИНЬ ЭНЭ ОНЫ ОРГИЛ АМЖИЛТ БАЙЛАА

 

Жүдо бөхийн тамирчид энэ жил, энэ үдэш ургац арвин байсан. Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нараас гадна Э.Ариунболд шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарав. Тэрбээр энэ жил дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм. Шилдэг эрэгтэй тамирчин Э.Ариунболд “Анх удаагаа “Бөртэ Чоно”-д нэр дэвшиж, энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Энэ шагналыг хүртэхэд тусалж дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сүүлд багш нараасаа хэтэрхий тайван байна гэж зэмлэл хүртсэн” гэлээ. Харин шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл өөрийн биеэр оролцож чадсангүй.

Тэрбээр чөлөөт бөхийн хүнд жинд цахиур хагалж яваа М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, оны шилдэг тамирчнаар дахин тодорсон байна. 2022 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль зүүж, Туркийн олон улсын тэмцээнд үзүүрлэж, Казахстаны тэмцээнээс хүрэл медальтай ирсэн төдийгүй дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байгаа билээ.

Шилдэг паралимпийн тамирчин шагналыг Л.Туруунаа хүртсэн. Тэрбээр дөрвөн жилд ганц удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилттай. Шилдэг паралимпийн тамирчин Л.Туруунаагийн сэтгэгдлийг хүргэе. Тэрбээр “Маш их баяртай байна. Цаашид бэлтгэл сургуулилалтаа сайн хийн амжилтаа ахиулъя гэж зорьж байна. Энэ амжилтын ард гаргахад тусалж дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа. 2023 онд онооны тэмцээнүүд олон бий. Мөн Азийн наадам, Гран при тэмцээнүүд байгаа. Анхны дэлхийн аваргадаа оролцож мөнгөн медаль хүртсэн минь энэ оны оргил амжилт байлаа” гэв. Шилдэг залуу тамирчны шагнал энэ жил Ш.Энхийн-Одод очив. “NCAA”-ийн нэгдүгээр дивизонд тоглосон анхны монгол тамирчин болсон тэрбээр өдгөө улирлын тоглолтуудтай байгаа учир түүний оронд ах Ш.Мөнхийн-Од хүрэлцэн ирж, шагналыг гардан авсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top