БХЯ: Хумхаа өвчнөөр нэг алба хаагч нас барсан, нэгийнх нь бие хүнд байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Энхийг сахиулагч хумхаа өвчний халдвар авсантай холбоотой асуудлаар өнөөдөр /2023.01.05/ Батлан хамгаалахын яамнаас мэдээлэл өглөө.


Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од "Монгол Улсын зэвсэгт хүчин энхийг дэмжих үйл ажиллагаанд албан хаагчдаа илгээгээд 21 жил болж байна. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хумхаа өвчний халдвар гарч байсан. Гэхдээ нас барсан тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Энэ удаагийнх анхны тохиолдол боллоо.

Одоогийн байдлаар Өмнөд Судан улсад Монголын нэг баг буюу 850 хүнтэй батлион үүрэг гүйцэтгэж байгаа.

Манай улсын есөн цэргийн албан хаагчаас хумхаагийн халдвар илэрч, долоо нь эдгэж, гарсан. Харамсалтай тохиолдлоор нэг албан хаагч хумхаа өвчний хүндрэлээр нас барсан. Нөгөө албан хаагч биеийн байдал нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

Африк дахь 10 шумуул тутмын нэг нь хумхаагийн халдвартай гэж үздэг. Цэргийн төв эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд хумхааг маш сайн судалж, оношилж ирсэн. Үүнтэй холбоотойгоор оношилгоо, эмчилгээгээ маш сайн хийдэг. Энэ өвчин шумуулаас хүнд дамждаг. Африкийн орон хуурай, борооны улиралтай. Борооны улиралд тээгч шумуулууд идэвхиждэг. Хүнээс хүнд халдварлахгүй. 

Манай цэргүүд эх орондоо ирээд 14 хоног хумхаа өвчний эсрэг эм уудаг. Дэлхийд хумхааны эсрэг вакцин байхгүй. Өмнө нь энхийг дэмжих ажиллагаанаас ирж буй цэргийн багаас хумхаа өвчний тохиолдол илэрдэг ч бүрэн эмчилдэг байсан. " гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top