FocusEconomics I Ирэх жилүүдэд эдийн засаг нь хөгжих 5 орон

2023 оны 01 сарын 07

“FocusEconomics” 2022-2026 онд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөхөөр байгаа орнуудыг нэрлэжээ.


1. Гайана

2022-2026 оны дундаж өсөлт: 25.8 хувь

Гайана ойрын хэдэн жилийн хугацаанд хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг байх аж. Нааштай таамаглалын ард газрын тосны ашиг тус бий. Газрын тосны олборлолт 2019 онд бараг тэг байсан бол 2021 онд өдөрт 100 мянган баррель хүрч өссөн бөгөөд шинэ төслүүд хэрэгжиж эхэлснээр 2024 он гэхэд газрын тосны олборлолтын хэмжээ өдөрт 400 мянган баррель давж өснө гэж Дэлхийн банк үзэж байна.

 

2. Макао

2022-2026 оны дундаж өсөлт: 11.9 хувь

БНХАУ-ын засаг, захиргааны онцгой бүс болох Макао дэлхийн хоёр дахь хурдацтай өсөж буй эдийн засаг болох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч энэ нь хүчтэй өсөлтийн хэтийн төлөв гэхээсээ илүү дэлхийн цар тахалтай холбоотой хамгийн огцом уналтын дараах сэргэлт болно. Макао нь аялал жуулчлал, мөрийтэй тоглоомд ихээхэн тулгуурладаг бөгөөд Хятад улсын “Тэг КОВИД” бодлогын улмаас  эдийн засаг нь сүйрсэн.

 

3. Фижи

2022-2026 оны дундаж өсөлт: 7.7 хувь

Макаогийн нэгэн адил Фижи гадаадын жуулчдаас, ялангуяа Австрали, Шинэ Зеландын зочдоос ихээхэн хамааралтай байдаг. Иймээс Австрали, Шинэ Зеландад хөл хорио тогтоосон цар  тахлын оргил үед буюу 2020 онд эдийн засаг нь  15 хувиар буурсан байна. Харин дэлхийн улс орнууд хөл хориогоо цуцалснаар эдийн засаг нь сэргэж эхлээд байгаа юм.

 

4. Нигер

2022-2026 оны дундаж өсөлт: 7.6 хувь

Нигерийн эдийн засаг ойрын жилүүдэд газрын тосны үйлдвэрлэл, экспортын өсөлтөөс ашиг хүртэхээр байна. Тодруулбал, Бениний Семе боомт хүртэл 2000 орчим км урт үргэлжлэх газрын тос дамжуулах хоолой ирэх онд ашиглалтад орох төлөвтэй байна. Түүнчлэн хүн амын өсөлт жилд гурван хувиас дээш байгаа нь тус улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөр байгаа юм.

5. Ливи

2022-2026 оны дундаж өсөлт: 6.9 хувь

Газрын тосноос хамааралтай Ливийн эдийн засаг ирэх жилүүдэд эрчим хүчний үйлдвэрлэл, түүхий нефтийн үнэ өсөх хандлагатай холбоотойгоор  хурдацтай өсөхөөр байна. Гэхдээ энэ нь улс төрийн нөхцөл байдал сайжирч байгаатай ч холбоотой юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 09

Mongol algadaa huurhi gej ?

0  |  0
Top