Шанхай хотын шилдэг эмнэлгүүдийн нэгэн эмч хотын хүн амын 70 хувь нь халдвар авсан тухай мэдэгджээ. Коммунист дэглэм нэг шөнийн дотор Ковидийн хатуу хязгаарлалтыг сулруулж, эмнэлгүүд, чандарлах газруудыг дүүргэсний дараа халдварын давлагаа огцом өсөж байна.
Шанхай хотын Руйжин эмнэлгийн дэд ерөнхийлөгч, тус хотын Ковид-19-ийн шинжээчдийн зөвлөх багийн гишүүн Чен Эржен хотын 25 сая хүн амын олонх нь халдвар авсан талаар мэдэгджээ. Тэрбээр "Одоо Шанхай хотод халдварын тархалт маш өргөн хүрээтэй байгаа бөгөөд энэ нь хүн амын 70 хувьд хүрсэн байж магадгүй бөгөөд энэ нь дөрөв, тавдугаар сарынхаас 20-30 дахин олон гэсэн үг" гэжээ. ДЭМБ-ын албан тушаалтнууд Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын ажилтнуудтай уулзаж, "Эпидемиологийн нөхцөл байдлын талаар тодорхой, бодит цаг үеийн мэдээллийг тогтмол хуваалцахыг" хүсчээ.
Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Альфред Ву “Хятад улс бодит мэдээллээ хуваалцана гэж би бодохгүй байна” гэж Ройтерс агентлагт ярьжээ.
Өнгөрсөн сард Хятад улс дэгдэлтийн цар хүрээг хянах "боломжгүй" болсноо хүлээн зөвшөөрсөн. Үндэсний эрүүл мэндийн хороо өдөр бүр улсын хэмжээнд халдвар, нас баралтын статистик мэдээ нийтлэхээ зогсоогоод буй. АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг хэд хэдэн улс Хятадаас ирэхийг жуулчдыг хязгаарлахаа мэдэгдээд буй. Хятадын Гадаад хэргийн яам мягмар гарагт зарим улсын Хятадаас ирсэн аялагчдад тавьж буй хязгаарлалт нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэж мэдэгдсэн. Энэ сарын 21-нээс эхлэн долоо хоног үргэлжлэх Хятадын шинэ жилийн баярын үеэр олон сая хүн гэртээ харих төлөвтэй байна. Хятадын үндэсний эрүүл мэндийн комиссын ажилтан Жяо Яхуй Хятадын төрийн телевизийн CCTV сувагт өгсөн ярилцлагадаа хөдөө орон нутагт хүлээгдэж буй оргил үеийг даван туулах нь "асар том сорилт" болно гэдгийг онцолжээ.
Шинээр тархаад буй Омикроны "Кракен" хувилбар хэр аюултай вэ
Манчестерийн их сургуулийн Лидия Бекерийн нэрэмжит Дархлаа судлал, үрэвслийн хүрээлэнгийн профессор Шиена Круикшанк "BA.2 Омикроны хоёр өөр омог нийлж шинэ омог үүсгэсэн. Гэхдээ үнэндээ энэ бол зүгээр л XBB болон XBB.1-ийн мутацлагдсан хувилбар” гэжээ.
XBB.1.5 хаана анх бүртгэгдсэн бэ
"Кракен" гэж нэрлэгдсэн дэд хувилбар нь 2022 оны 11-12 дугаар сарын хооронд АНУ-ын Нью-Йорк муж эсвэл түүний эргэн тойронд үүссэн гэж таамаглаж байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр уг омог нь одоо байгаа КОВИД-19-ийн тохиолдлын 41 хувийг эзэлж байна. АНУ-ын дараа Европ, Австрали болон Зүүн Өмнөд Азийн зарим хэсэгт шинэ омог бүртгэгдсэн байна.
Бусад омгуудаас илүү аюултай юу
Круикшанк “Кракен нь бусад омгуудаас илүү аюултай гэж хэлэхэд эрт байна” гэжээ. Хүн амын олонх нь вакцинд хамрагдсан тул шинээр халдвар авах магадлал бага байх ёстой гэж Круикшанк үзэж байна.
Энэхүү омог нь эпидемиологич, мэргэжилтнүүдийн санааг зовоосон бололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын доктор Мария Ван Керхове энэ долоо хоногийн эхээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, шинэ дэд хувилбар нь тус байгууллагын санааг зовоож байгаа тухай онцолсон. Тэрбээр "Бидний санаа зовоож байгаа зүйл бол энэ нь хэр дамждаг вэ гэдэг. Энэ вирус хэдий чинээ их тархах тусам өөрчлөгдөх боломж улам их байх болно” гэжээ.
Арванхоёрдугаар сарын 29-нд "Twitter" дээр XBB.1.5 тархсан тухай бичсэн тархвар судлаач доктор Эрик Фейгл-Динг “Шинэ дэд хувилбар нь "#BQ & XBB-ээс илүү дархлаатай, халдвар авахдаа илүү сайн" гэж хэлсэн.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Хяталын ковидыг нүүрсээр ачаа тээврээр сольж бгаа
Хятадад ихсээд бдаг хил нээгээд бдаг ...???