Өнөөдөр 90 минутын бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

2023 оны 01 сарын 13

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн.

Нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг 11:00-12:30 цаг хүртэл 90 минут зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй. Иргэд СӨХ-оороо дамжуулан болон сайн дураараа их цэвэрлэгээнд хамрагдах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээнд 955 хүн ажилладаг. Үүнд гэр хорооллын зам ороогүй. Стандартаараа нэг хүн өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг ч өдгөө хүн хүчний хүрэлцээ хомс, нэг хүн 13 мянган ам метр талбай цэвэрлэж байна. Иймээс албаны хүмүсс иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа. Түүнчлэн гэр хорооллын иргэдийг ч хашааныхаа ойр орчмыг цэвэрлэхийг уриаллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 ажилтан, албан хаагч оролцоно.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг. Их хэмжээний халиа тошин үүсэн газруудыг сувагчилж, инженерийн байгууламж хийж, усыг зайлуулах байдлаар шийдэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 330 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Халиа тошин арилгах ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, нийслэл, дүүргийн Онцгой байдлын байгууллага хамтран хэрэгжүүлж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top