Өнөөдөр /2023.01.13/ Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр тохиож байна. Ардчилсан гэх тодотголтой Үндсэн хуулийн маань төрсөн өдөр.
Түүний өмнө Монгол Улс 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан түүхтэй.1992 оны энэ өдөр АИХ-ын 430 депутат чуулж, ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байх үед Улаанбаатарт хувийн машинтай хүн 2-3-хан байсан гэдэг. Машин унадаг болохоор нь тэр үү, “Польш” Намжил гэхчлэн хоч өгч байжээ. Тэгвэл өнөөдөр нийслэл хотод автомашин хаа сайгүй хөлхөж, Засгийн газар түгжрэлийн сайд хүртэл томилов. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая автомашины бүртгэл хийгдсэний 57 хувь нь нийслэлд бүртгэлтэй гэсэн судалгаа гарчээ. Нийслэлчүүд өдрийн талыг автозам дээр машин дотроо өнгөрүүлж, унтаж, тэр байтугай хоолоо хийж идээд явж болохыг ч ИТХ-ын төлөөлөгч бүсгүй сонгуулийн сурталчилгааныхаа үеэр биечлэн үзүүлж байв.
Түүнчлэн Монгол Улс шинэ Үндсэн хуулиа тунхаглан батлах үед хөдөөгийн малчид дотор 50-аас дээш толгой малтай айл өрх байгаагүй нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Өнөөдөр толгойтой болгон мянгат малчин, тэр бүү хэл доороо 5-6 туслах малчин цалинжуулдаг дөрвөн мянгаас 10 мянган малтай гавьяат малчид олширчээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 90 сая мал тоологдсон байна. Ийнхүү өнгөрсөн 31 жилд Монголын нийгмийн байдал, монголчуудын амьдралд асар их өөрчлөлт гарчээ. Өчигдөргүй юм гэж нэгээхэн ч үгүй. Өчигдрөө хайрла, өнөөдрөө бүтээ, маргаашаа хайрла.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )