Давосын чуулга уулзалт эхэллээ

2023 оны 01 сарын 18

Өнгөрсөн жил ОХУ-ын Украиныг эзлэн түрэмгийлсэн явдал Давосын яриа хэлэлцээнд давамгайлсан. Энэ удаад ч гэсэн дэлхий дахин эрчим хүчний хомсдолтой тэмцэж, эдийн засгийн уналт руу ойртож байгаа энэ үед дайны үр дагавар энэ жилийн гол сэдэв байхаар байна.

Дэлхийн эдийн засаг, улс төр, бизнесийн удирдагчид, олны танил хүмүүс, нийгмийн зүтгэлтнүүд оролцдог жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум дэлхийн эдийн засаг туйлын стресст орж, өндөр инфляц, эрчим хүчний хямрал болон дайны улмаас үүссэн бусад хангамж тасалдсан үед болж байна.

WEF-ийг үүсгэн байгуулагч Клаус Шваб “Хятадад КОВИД-19-ийн тохиолдол дахин сэргэж, эдийн засаг, байгаль орчин, нийгэм, геополитикийн хямралууд ойртож, туйлын олон талт, тодорхойгүй ирээдүйг бий болгож байна. Давосын жил тутмын уулзалт удирдагчдыг хямралын сэтгэлгээнд автуулахгүй байхыг хичээх болно" гэжээ.

Таван өдөр үргэлжлэх тус уулзалтад 50 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцох юм. Зочдын дунд Германы Канцлер Олаф Шольц, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нар байна. Саяхан сонгогдсон зарим удирдагчид болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол, Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан нар удирдана. АНУ-ыг Ерөнхийлөгч Жо Байдены цаг уурын асуудал хариуцсан элч Жон Керри, Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай нар мөн оролцох аж. ОХУ-аас оролцохгүй. Харин Украин өндөр түвшний төлөөлөгчдөө илгээнэ. Гэхдээ зохион байгуулагчид аюулгүй байдлын үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

 

Хямралын эрсдэл

 

Давосын 53 дахь удаагийн уулзалт энэ зууны эдийн засгийн огцом удаашралын нэг үед болж байгаа бөгөөд Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева энэ онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад өртөж болзошгүйг анхааруулаад байгаа юм.

Украины мөргөлдөөн, барууны орнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь эрчим хүчний урьд өмнө байгаагүй хямралд хүргэсэн. АНУ, Евро бүс зэрэг хөгжингүй эдийн засагтай орнуудын инфляц дээд цэгтээ хүрээд байгаа бөгөөд Төвбанкуудыг бодлогын хүүгээ өсгөхөд хүргэж байна. Энэ нь эдийн засаг удааширч байгаа нөхцөлд зээлийн өртөг өндөр болно гэсэн үг бөгөөд хөгжиж буй орнууд, тэр дундаа Африкт дэлхийн өрийн хямралыг улам дордуулах эрсдэлтэй. Өнөөгийн эдийн засгийн хямрал дэлхийн нэн ядуу хүмүүсийн 60 орчим хувь нь оршин суудаг Сахарын цөлөөс өмнөх Африкт ядуурал нэмэгдэж болзошгүйг Дэлхийн банк анхааруулсан.

ДЭМБ-аас лхагва гарагт нийтэлсэн жил бүрийн эрсдэлийн судалгаанд цар тахал болон Оросын Украин руу түрэмгийлснээс үүдэлтэй дэлхийн амьжиргааны өртөг хямралыг хамгийн ойрын эрсдэл гэж үзээд эрчим хүч, хүнсний хангамжийн хямрал ойрын хоёр жилд үргэлжлэх төлөвтэй байна гэжээ. WEF-ийн ерөнхийлөгч Борге Бренде "Дэлхийн эдийн засгийн хямралаас зайлсхийх, бага өсөлт, өндөр инфляц, өндөр өрөөс хэрхэн зайлсхийх талаар дэлхийн эдийн засагт маш их асуудал тулгарч байна. Энэ жил Давост 56 сангийн сайд, мөн Төв банкны 19 ерөнхийлөгч ирж байгаа нь дээд амжилт” гэжээ.

Уг арга хэмжээг 2021 онд виртуал байдлаар зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард зохион байгуулсан. Энэ жил Давост 130 орны 2700 гаруй төлөөлөгч, түүний дотор 50 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийн талаар хэлэлцэнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын хувьд бизнесийн салбарын хамгийн олон буюу 1500 гаруй төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд Засгийн газар, олон улсын байгууллагын 370 гаруй төлөөлөгч, Сангийн 56 сайд, Төв банкны 19 тэргүүн, Худалдааны 30 сайд, Гадаад хэргийн 35 сайд оролцож байна.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top