Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 09-13-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.330, мөрдөн байцаалтын 1735 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 441 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл хүргүүлсэн байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Өмчлөх эрхийн эсрэг 100, Амьд явах эрхийн эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын 6, нийт 230 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Тухайлбал,
- Иргэн А нь ачаа тээвэрлэлтийн зохих зөвшөөрөлгүйгээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт төв замын хөдөлгөөнд оролцсон зөрчил үйлдэж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17-д /Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах/ заасан арга хэмжээ авхуулахгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа С-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хугацаат цэргийн алба хаагч Н-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах тус цэргийн ангиас зөвшөөрөлгүй гарган, 20 хоногийн хугацаанд гэрээ байгуулалгүйгээр ажиллуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Нийтийн албан тушаалтан буюу "Чандмань Илч ОНӨ" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Т.А, үйлчилгээний албаны дарга, хангамжийн менежерээр ажиллаж байсан С.А, ерөнхий инженер Б нар нь бүлэглэн тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г-г "Өргөн салбарын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай зориулалтын дугуйт ачигчийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо”-ны даргаар ажиллах байх явцад нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий компанийг тендерт шалгаруулан өөртөө давуу байдал бий болгон 102.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол улсад учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
7sartai hvvxed bvrtgvlhr bolhgviy yaj bvrtgvvleh we