Шинэ зууны ахмадын бодлогыг төлөвлөхгүй бол оройтох нь

2023 оны 01 сарын 20

Шинэ мянган, XXI зуун эхлээд хэдийн 23 оны нүүр үзээд буй ч Монголд баримталж байгаа ахмадын бодлого эрүү өвдөг нь нийлж, тулганы захад шүдгүй амандаа будаатай цай бувар бувар хүлхсэн, хүзүүндээ эрхитэй, гартаа таягтай, өнөө маргаашаа хүлээсэн, цайны сүү, шөлний мах, ойр зуурын эм тангаар өдөр хоногийг аргацааж суугаад хадан гэртээ харих болсон өвгөд хөгшдөд зориулсан маягтай явсаар өнөөдөртэй золголоо.

Их сайндаа тартагт нь тулгаж байгаад долоох төдий нэмдэг тэтгэврийн мөнгө, нийтийн тээврийн үнэгүй карт, тэр бүр явж чаддаггүй хөнгөлөлттэй сувилал, хүртээмж багатай эмнэлэг, хямдралтай нэртэй протез, даралтны эм гэсхийгээд тэдэнд үзүүлдэг үйлчилгээ бараг зогсох байх. Голоо зогоох төдий хоолтой, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн үнэгүй ажилд нухлуулж, үр хүүхдэдээ ад болж, сэтгэлгүй заримд нь дарамтлуулж, ханиа алдсан нь ганцаардаж хүний мөрөөсөл болсоор насыг бардаг нь монгол хөгшдийн ирээдүй бас биш. Залуу халуун насаа эх орны хөгжилд зориулаагүй юм шиг, идэрхэн залуус, танхилхан бүсгүй яваагүй мэт, анхнаасаа л хорвоод ийм ядруухан ирсэн илүүдэл шиг зарим залууст адлуулах нь ч ёс бус.

Үүндээ бухимдсандаа ардаг ярдаг аашилдаг хөгшид байдгийг ч үгүйсгэмгүй. Өдгөө ахмадууд яаж өдөр хоногийг өнгөрөөж байна вэ. Тэтгэвэрт гаргаад л орхидог тэдний цаашдын ирээдүй яадаг вэ. Их сайндаа ач зээгээ харна, асарна, сургууль, цэцэрлэгт нь хүргэж авна, Үр хүүхдийнхээ хоол цайг бэлтгэнэ, гэр орон цэвэрлэнэ. Тэтгэврийн мөнгөө ч хэрэглэж чадахгүй зээл авч үр хүүхдийнхээ хэрэгцээг хангана, арчаагүй нэгийг нь түүгээрээ тэжээнэ. Зав зай гарч аз таарвал үеийн хэдтэй уулзаж хөзөр, даалуу, шатар төдийгөөр өөрсдийгөө баясгана. Дийлэнх нь иймэрхүү. Сургууль соёлд багшлаад, зөвлөх үйлчилгээ үзүүлээд, эрдмийн ажил хийгээд, ажил төрөл эрхлээд, бизнесээ гялалзуулаад яваа нь ч бас цөөнгүй.

Тэгвэл шинэ цаг ахмадад зориулсан бодлогыг үндсээр нь өөрчлөхийг шаардаж байна. Өнөөдөр амьдрал тарчигийн хар гайгаар ахмадын тал илүү хувь нь тэтгэврийн мөнгө жаахан нэмэхийг тэнгэрийн хишиг мэт горьдон харж суугаа нь үнэн. Үлдсэн нь бас ч гэж гаднынхан шиг аялаж жуулчилж, амарч сувилуулж, ажил хөдөлмөр эрхлэж амьдралын сайн сайханд тэмүүлж яваа. Цаашдаа энэ хувь нэмэгдэж таарна.

Тэгэхээр ахмадуудынхаа дунджаас дээгүүр хэсгээр жишиг барьж бодлогоо эртнээс шинэчлэхгүй бол өнөөгийн 30, 40 настнууд цагийн аясаар тэдний эгнээнд шилжээд ирэхийн цагт балга цайны сүү, зүсэм талхны мөнгөөр тэтгэвэрээ нэмүүлсэндээ гялайгаад сууж байна гэж үгүй. Хэрэгцээ, шаардлага нь өнөөгийнхөөс огт ондоо шинэ зууны ахмадын бодлогыг өнөөдрөөс төлөвлөхгүй бол оройтно гэдгийг л хэлээд байгаа юм.

Төрийн залуу түшээдэд хол дуулдаж байж мэдэх ч цагийн эргэлт хурдан, нэг мэдэхэд дараа үедээ халаагаа өгөх цаг тулаад л ирсэн байх вий. Дандаа өнөөдрөөр аргацаах биш, алс хэтээ өөдрөгөөр харахад буруудах юун. Ямар асуудал шинээр тулгамдаж эхэлж буйгаас заримыг тоймлож үзье.

 

Ангилал бүхий төлбөртэй асрамж, сувиллын газрууд

 

Энэ нь өнөөгийн төсөөллөөр Батсүмбэр дэх болон зарим нэг аймгийн төвд байгаа асрамжийн газар огт биш. Харж хандах хүнгүй, амьдрал гундуу хэсгийг асрах газрууд эдгээрээс огт өөр, төрийн ивээл дор, тохилог орчин нөхцөлтэй байх ёстой. Үүнээс гадна бидний барууныхны амьдралаас хардаг пансион, зочид буудал маягийн сувиллын газрууд шаардагдаж эхэллээ. Тэнд заавал асрах хандах хүнгүй, ядарч ягтаа тулсан хүмүүс амьдрах учиргүй. Төрөөс тэтгэх ч шаардлагагүй. Амралтын газрууд шиг люкс, хагас люкс, энгийн гэсэн төрөлтэй, түүндээ тохирсон төлбөртэй, өдрөөр, хэсэг хугацаагаар, үлдсэн насаараа амьдрах гэх мэт ангилалтай байж болно. “Хүүхдээрээ хөлөө хучуулах ёстой”, “Эцэг эхийнхээ ачийг хариулж өтлөхөд нь асрах учиртай” гэсэн манай уламжлалт ойлголтууд мэдээж хэвээр хадгалагдана. Гэхдээ орчин цагийн амьдралын түргэн хэмнэл, ажлын ачаалал, залуусын алс хэтийн ирээдүй зэргийг бодолцон тэдэндээ онцын төвөг удалгүй, бололцоотой хэсэг нь өөртэйгээ боловсрол, амьжиргааны төвшин ойр үе тэнгийнхний хамт тал бүрийн үйлчилгээ авчихдаг тохь тухтай тохирсон төлбөртэй сувиллын газруудад алсдаа амьдрах хүсэлтэйгээ илэрхийлэх хүн олон болсон нь анзаарагдах болж.

Өмнөд хөрш БНХАУ-д гэхэд ахмадын өдөр өнжүүлэх газрыг хүүхдийн цэцэрлэгтэй хамтатгасан нь ч байдаг юм билээ. Өөрийн ач зээтэйгээ биш гэхэд өрөөл бусдын хүүхэдтэй дэм дэмэндээ, асрагч, сувилагчийн хараан дор хөгжил баясалтай өдрийг өнгөрөөх нь хэн хэндээ ашигтай л хувилбар. Хорооллууд дунд ч ахмадын төвтэй, тэд өдөржин дуулж, хуурдаж, жүжиг тоглож идэрхэн насандаа буцаад очсон мэт нүд нь гэрэлтчихсэн байдаг юм билээ.

 

Ахмадад зориулсан аялал, жуулчлалын маршрутууд

 

Гаднын өндөр настнууд хэсэг бүлгээрээ гадагш дотогш аялаж жуулчлах нь элбэг. Түүн шиг тодорхой хуримтлал үүсгэж чадсан, түүгээрээ аялах сонирхолтой ахмадуудад зориулсан маршрутыг аялал жуулчлалын компаниуд гаргаж болно. Үе тэнгийнхнээрээ аялаж зугаалдаг хандлага бусад орнуудад байдаг. Японы нэг тийм бүлэг жуулчинтай Шинжаанд тааралдаж байв. Жижигхэн үүргэвчтэй 70-80-аад насны арав гаруй өвгөд эмгэд. Үнэтэй зочид буудалд буучихсан, өглөө шуугилдаад л цугтаа аялалд гарна, орой инээлдээд л хүрээд ирнэ. Ямар аз жаргалтай харагддаг байсан гээч.

 

Хөдөлмөр зуучлалын газрууд

 

Ахмад гээд өвчин хуучаа чагнаад гэртээ шигдэнэ гэсэн үг биш. Тэдэнд ажлын туршлага, зөвлөх чадвар, бүтээлч санаачилга гээд бүгд бий. Боломжтой нэг нь ажил эрхлэг. Тэдэнд зориулсан цагийн хөдөлмөр зуучлалын газрууд нээх хэрэгтэй санагддаг.

 

Сонирхлын клуб, дугуйлангууд

 

Бусад оронд тэтгэвэрт гарна гэдэг нь залуу насандаа мөрөөдөөд биелүүлж чадаагүйгээ нөхөх таатай боломж, хоёр дахь цоо шинэ амьдрал гэж үзэх нь бий.

Арваад жилийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч агсан З.Түмэнжаргалыг Францаас түр ирээд байхад нь уулзаж ярилцлага авах завшаан тохиосон юм. Тэрээр Францын ахмадуудын амьдралын талаар зөндөөг ярьж билээ. Гэргий, дуучин Б.Мягмарсүрэн /Ану/-гээр нь ная гаруй насны франц хатагтай төгөлдөр хуур заалгаж, долоо хоног бүр нотоор зөв тоглож буй эсэхээ урьж шалгуулдаг, хатагтайн нөхөр мөн л төдий насны эрхэм уран зураг сонирхож дугуйланд явж байгаа тухай сонирхуулж “Манайхан тэтгэвэрт гараад нэг ёсны хүнд хэрэггүй болдог тул өвчинд ээрэгдэж ахархан наслах юм даа” хэмээж байсан юм.

Бүжгийн, зургийн, дуу хөгжмийн, гар урлалын гээд төрөл бүрийн дугуйлан секцэд ахмадууд хамрагддаг оронд дундаж наслалт өндөр, сонирхолтой ажлаа хийж буй тул өвдөх нь бага байдаг талаар бусад хүнээс ч сонсож байлаа.

 

Ахмадад зориулсан хувцас загварын шоу

 

Хөгшид гэхээрээ даруухан, хуучин загварын голдуу хувцасладаг үе шувтарсан. Монголд хөгшид 1980-аад он гартал голдуухан дугуй тоорцог тавьж, цагаан ултай гутал, хуучин даавуу дээл эгэлдэрч явдаг байв. Тэр үе улирч алба хааж явсан нь хүнд зузаан цэмбэн пальтотой, жирийн ажил хийж явсан нь мөнөөх л даруухан дээлээ бүсэлж явсан цаг ч өнгөрсөн. Өдгөө настнууд цаг үеэсээ хоцролгүй хувцаслах нь элбэг таарах болж. Бас л гаднынхнаас жишээ татахад ахмадууд ямар хувцастай гадуур алхаж явааг харуулсан бичлэг ихээхэн үзүүлдэг болжээ. Тавь, жаран наснаас дээш ямар загвараар хувцаславал дэгжин харагдах, тэдэнд ямар үнэртэн тохирох гээд загвар сурталчилсан сэтгүүл, рекламууд ч зөндөө таарах болж. Гоо сайхны газруудаар үйлчлүүлэгчдийн тодорхой хувь ч ахмадууд байдаг.

Энэ бүхнээс эргэцүүлбэл Монгол төрөөс настнуудад зориулан барьж буй бодлого цаг үеэсээ ихээхэн хоцроод байна. Тун удахгүй үмх мах, балга сүүний мөнгө, хүртээмж тааруу нэр төдий хөнгөлөлтүүдээр аргацаах аргагүй ахмадууд амьдралд хөл тавих буйг дахин сануулъя. Тэдний тоонд өнөөдрийн төрийн өндөр дээд тушаал хашиж буй эрхмүүд ч багтана. Шинэ зууны ахмадын бодлогыг өнөөдрөөс төлөвлөхгүй бол оройтох нь гэж буйн учир ч энэ юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмгэн буурай(59.153.113.229) 2023 оны 01 сарын 21

30-40 жил ажиллачихаад 500,000 ₮ тэтгэвэртэй бна гэдэг харуусал. Соц-ын үеийн бүтээн байгуулалтад хамаг хүч чадал сэтгэлээ зориулчихаад өнөөдөр ядуусын эгнээнд орж бна. 450,0 м/₮ тэтгэвэр авч бсан хүн 50,0 ₮ нэмээд юу ч өөрчлөгдсөнгүй. Юмны үнэ өсч, эм авахад л хамаг мөнгө зарцуулж хоосон үлддэгийг харж гайхширч итгэл найвар алдагдаж бна. Насаараа ханилсан ханиа алдаад ингэж ч амьдрах гэж дээ??? Хоёул байхад хамжиж хүргэдэг бсан. Тэтгэвэр нэмэх зайлшгүй шаардлагатай бна.\n

1  |  0
Зангараа(192.82.83.79) 2023 оны 01 сарын 21

Хаана ч хэзээ ч ахмадууд өөдрөг сэтнэлгээтэй байж дасгал хөдөлгөөн хийж амтлаг шим тэжээлтэй хоол өөрийн гараар хийж идэн цэвэр агаар салхинд гарч алхах аялах хэрэгтэй. Наснаасаа эрт хөгшин сэтгэлгээгээр асуудалд хандаж болохгүй. Өөрт тохирсон ажил хөдөлмөр өдөр бүр хий. Төр засаг тэдний хадгалуулсан мөнгийг сар бүр дор хаяж 1 сая 500 болгож өг. Хүн 1 удаа л амьдарна, залуус ч ялгаагүй.

1  |  0
Top