“Нэйшнл трейдинг энд транспорт групп”-ын концессын гэрээг шалга-II

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр зам гэх мэт том том асуудал яриад байгаагаас концессын гэрээ байгуулсан хүмүүсээ ор тас мартлаа. Концесс нэрийн дор маш олон луйвар хийснийг сөхөх цаг нь болсон.

“Өглөөний сонин” Л.Нямсүрэн захиралтай “Нэйшнл трейдинг энд транспорт групп” компани, Засгийн газар хооронд 2015 онд Рашаант дахь улсын нөөцийн агуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг барих, өмчлөх, ашиглах эрхийн дагуу гэрээ байгуулсан тухай цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ бол зөвхөн эхлэл.

Уг нь юуны өмнө “Засгийн газарт энэ агуулах ямар хамаатай юм. Үүнийг төр хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээний хүрээнд хийнэ” хэмээн 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр тус компанитай концессын гэрээ байгуулахаар болсон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгах ёстой ч тэрбээр хилийн чанад оргож алга болсон. Тэгэхээр одоо тус компанийн захирал Л.Нямсүрэн гэгчийг тодруулж шалгах шаардлага бий. Мөн гэрээг үзэглэсэн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарыг нэн даруй шалгах шаардлагатай. Тэртээ тэргүй цагаан дээр хараар үзэглэсэн гэрээ нь байна, нефтийн агуулах барина гэж нэг ч тоосго хөдөлгөөгүй баримт нь байна.

Тэд үүгээрээ маш олон хууль тогтоомж зөрчсөн байхад анхаарлын гадна хаяад байгаа нь олны анхаарлыг татахаас яахав. Тухайлбал, УИХ-ын 2009 оны аравдугаар сарын 15-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 64 дүгээр тогтоол, мөн УИХ-ын 2011 оны “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” 65 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн аж. Үүнээс гадна “Концессын тухай хууль”, “Газрын тосны тухай хууль”-ийг тус тус зөрчсөн. Том агуулгаар нь авч үзэхэд Төрийн эрх барих дээд байгууллагаас баталсан олон хууль тогтоомжийг зөрчсөн.

Мөн эрүүгийн олон хууль дагалдаж ирнэ гэхээр маш том гэмт хэрэг өдүүлчихээд байхад яагаад чимээгүй байгаа юм. Үүнээс гадна төслийн ажлын явц, үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг холбогдох газруудад жил болгоны эцэст тайлагнаж байх үүрэгтэй. Гэтэл нэг ч ажил хийгээгүй энэ компани тухайн журмын хаагуур яваад найман жил болчихов гэдэг асуудал урган гарна.

Үе үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нар гэрээг хянаж, тайланг үзэх учиртай ч үүний хаагуур зөрөөд байсан компани юм бол гэх хардлага яах аргагүй үүснэ. Тэгэхээр “Нэйшнл трейдинг энд транспорт групп” компани, захирал Л.Нямсүрэн гэх этгээдийг тодруулж шалгаж таарна. Тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байсан ямар нэг мэдээлэл хаа ч байхгүй. Ганцхан байгаа нь Засгийн газартай 2015 онд байгуулсан Концессын гэрээ л бий. Эсвэл олны нэрлэдгээр тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн “Цүнхний компани” байсан байх. Цаад эздийг нь олоход С.Жавхланбаатар болон Б.Баярсайхан нарын аснууд л тус болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганхуяг(172.91.183.102) 2023 оны 01 сарын 27

Асашёрюү, Сумьяабазар нараас л асуух ёстой

0  |  0
Top