“Нэйшнл трейдинг энд транспорт групп”-ын концессын гэрээг шалга-I

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Өнөөгийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон талт ажил байгаагаас нүүрсний хулгайг илрүүлэх, Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарлаж, зээл төлүүлэх, авлигач, хулгайч нартай тэмцэж байгаа нь олны таалалд нийцэж буй. Харин концессын гэрээ байгуулаад сураг тасарсан зарим компани, арга зальтай нөхдөд арга хэмжээ авахгүй байгааг шүүмжлэх болов. Энэ тухай бүр дурдах ч үгүй байна. Тухайлбал, хамгийн ноцтой хэрэг мандуулаад найман жил сураг тасарсан Л.Нямсүрэн захиралтай “Нэйшнл трейдинг энд транспорт групп” компани гэж бий. Үүний ар талд чухам хэн байгаа болоод ийнхүү дураар аашилж байна вэ гэх асуулт зүй ёсоор урган гарна. Нөгөө талаар тус компани нь хаана ямар үйл ажиллагаа явуулж байсан тодорхой мэдээлэл байхгүй байгаа нь ихээхэн хардлага дагуулж буй. Магадгүй хэн нэгний цүнхний компани ч байж болох юм. 

Эргэн сануулахад 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар нефтийн агуулах барихаар найман га газар шийдэж, 50 мянган тоннын нөөц бүхий агуулах барихаар 600 гаруй метр төмөр зам татаад ажил нь явж байтал Н.Алтанхуягийн Засгийн газар огцорчээ. Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаж, улмаар шинэхэн Ерөнхий сайд “Засгийн газарт энэ агуулах ямар хамаатай юм. Үүнийг төр хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээний хүрээнд хийнэ” гээд болиулсан байдаг. Ингээд 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Нэйшнл трейдинг энд транспорт групп” компанитай Рашаант дахь улсын нөөцийн агуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг барих, өмчлөх, ашиглах эрхийн дагуу байгуулсан ч ажил эхлэлгүй найман жилийг үджээ. Суурь тавих нь бүү хэл нэг ч тоосго тавиагүй гэдэг.

Тухайн үед концессын гэрээг эрх бүхий этгээдээс Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар, концесс эзэмшигчийн талаас “Нэйшнл трейдинг энд транспорт групп” компанийн захирал Л.Нямсүрэн нар тус тус төлөөлж, гэрээ байгуулжээ. Уг төслийн санхүүжилт нь эхний ээлжинд 55 сая ам,доллар бөгөөд төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 12 сая ам.долларыг Монгол Улсын арилжааны аль нэг банкинд байршуулж, төслийн зориулалтын дагуу зарцуулах ёстой ч энэ мөнгөө ч байршуулаагүй алга болжээ. Гэтэл ийм ноцтой хэрэг өдүүлсэн компанид хариуцлага тооцох бүү хэл нэрийг нь ч дурдахгүй байгаагийн цаана юу байна гэдгийг тодруулах учиртай. Тэр тусмаа стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн нөөцлөх агуулах барихаар концесс авсан компани асуудалд хэрхэн хандсан, хэрхэн хаяж алга болсныг яагаад дурдахгүй байгаа юм. Өнөөгийн Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагууд яагаад үүнд анхаарал хандуулахгүй байгаа юм.

Тэгэхээр нефть тойрсон, тулгамдаж буй асуудлыг хөндөх нь зүйн хэрэг байх. Монгол Улс хойд хөршөөс нефтийн хараат бөгөөд үе үе үнийн савлагаа, бусад дарамтанд өртсөн хэвээр байна. Өнөөдөр манай улсын нефтийн жилийн хэрэглээ 2.5 сая тонн байдаг. Монголын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбарт дизель түлш ашигладаг учраас нийт нефтийн хэрэглээний  70 гаруй хувийг дизель түлш эзэлнэ. Хэрвээ ямар нэгэн байдлаар тасалдал үүсвэл эдийн засагт асар их хохирол учирна. Юун “Шинэ сэргэлтийн бодлого” бүү хэл өдөр тутмын амьдралд ч аюул учирхад бэлэн байгаа нь хэд хэдэн нөхцөлөөс харагдсан. Юуны өмнө Засгийн газар стратегийн бүтээгдэхүүний 145 мянган тонн нөөцийн агуулахтай байх учиртай ч өнөөдөр тэр нь алга. Ердөө 11 мянган тонн нөөцийн агуулахтай гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Энэ бол ирээдүйд биднийг тосож уулзах нийгэм, эдийн засагт бодитоор учрах аюул.

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top