Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Увс аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хэр байна вэ?
-Ер нь зөвхөн өвөлжилт биш энэ зун баруун бүс нутгаар ган болсон. Үүнээс улбаатай өвөлжилт хүндэрч малчдын нөхцөл байдал хүндрээд байна. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн зургаан сум цагаан зудтай байгаа. Гэвч жинхэнэ бэрхшээл нь одоо биш хавар эхэлнэ. Яагаад гэхээр манай аймгийн газар нутгийн онцлогоос шалтгаалж хаварт малчид хамгийн ихдээ 180 километр нүүдэллэх хэрэг гардаг. Онд муу орсон мал тэр нүүдлийн замыг даахад үнэхээр хэцүү. Малчид малаа нядалж өөрсдийн хэмжээнд өвс тэжээлээ бэлдсэн ч зун өвсний гарц муу, тэжээлийн олдоц ховор байсан нь ийнхүү эрт хүндрэхэд нөлөөлж байна.
-Малын хорогдол хэр байгаа вэ?
-Засгийн газраас өгсөн мэдээллээр Увс аймагт 9862 мал хорогдсон нь улсдаа хамгийн их малын хорогдолтой аймаг болж байгаа юм билээ.
-Аймгийн нөөцөөс тарааж, малчдад зарж байгаа өвс, тэжээлийн чанар муу байна гэсэн шүүмжлэл байсан?
-Энэ жил Увс аймгийн дарга нар аймгийн нөөц бүрдүүлэхдээ үнэхээр хайнга, хариуцлагагүй хандсан. Засгийн газраас долоодугаар сард тогтоол гаргаж, өвөлжилт хүндрэх зургаан аймгийн нэг нь танайх шүү гэж анхааруулсаар байтал өвсний нөөц бэлдэх тендерээ өвөл эхэлсэн хойно арваннэгдүгээр сарын дундуур зарлаж чанарын шаардлага хангахгүй өвс авсан. Тодруулбал, Бөхмөрөн сумын Ачит нуурын шагшига бэлдэж авсан. Өвс аваагүй гэсэн үг. Газар дээрээ нэг боодлыг нь зургаан мянган төгрөгөөр зардаг шагшигыг аймгийн нөөцөд аваад одоо малчдад нэг боодлыг нь 8-13 мянган төгрөгөөр борлуулж байна. Малчид үнэхээр өвсгүйн эрхэнд л авч байгаа.
-Өвөл, хаврын бэлтгэл ажлыг хангахад нутгийн удирдлагууд хэр анхаарал хандуулсан бэ?
-Би дээр хэлсэн үнэхээр хайнга ажилласан. Ажлаа хийгээгүй гэж хэлж болно. Өвөлжилт хүндэрсэн байхад аймгийн Засаг дарга хотод, ИТХ-ын дарга нь Солонгост, Засаг даргын Тамгын газрын дарга нь Сингапурт аялж явна.
-Зудаар далимдуулан өвс, тэжээлээр бизнес хийж байна гэсэн шүүмжлэлийг малчид хэлж байна?
-Яг тийм. Аймгийн нөөцөд бэлдсэн чанаргүй өвсийг Бөхмөрөн сумаас сонгогдсон аймгийн Хурлын төлөөлөгч нь бэлдэж өгсөн гэдэг албан бус мэдээлэл бий. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Үүнээс гадна баруун бүс нутаг тэр дундаа Увс аймгийн өвөлжилт, хаваржилтын байдал үнэхээр хүндрэх шинжтэй боллоо. Засгийн газраас нөөц гаргаж даруй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Уг нь малчид малаа их хэмжээгээр нядалсан учраас өвс дөхүүлээд өгвөл авчих эдийн засгийн чадамжтай байна. Үнэгүй өгөөч ээ гэж байгаа юм биш. Хөнгөлөлттэй үнээр зарахад л маш их дэмжлэг болохоор байна. Жаахан дэмжчихэд манай нутгийнхан ажилсаг хөдөлмөрч болохоор өвөл, хаврыг хохирол багатай давах боломж бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
ирэхээс нь өмнө хэн ажилдаа үнэнч шударга ажиллаж байгаа тэр хэн нэгэн хүн нь одоо байхгүй байгаа дарганцарын өрөөнд нь ороод шууд ажлаа хийцгээх хэрэгтэй тэр зугаалаад явж байгаа дарганцаруудыг шууд халчих тэгээд болоо
твиттерт солио өвчтэй юм бичээд бдаг этгээд мөн үү? хүнээ зөв сонгооч та нар!!!