Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах ажлын 2023 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

2023 оны 01 сарын 28

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал өчигдөр /2023.01.27/ боллоо. Хурлаар тус зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, санал солилцов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийг нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллага, есөн дүүргийн салбар зөвлөл, төрийн бус таван байгууллагын бүрэлдэхүүнтэй байхаар шинэчлэн баталжээ.

Тухайлбал,

 

  1. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо
  2. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
  3. Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл гэсэн төрийн бус байгууллагууд салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж буй юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 92.5 хувьтай байжээ. Тодруулбал, өнгөрсөн онд

 

  • Нийслэлийн Замын хөгжлийн газраас төвийн зургаан дүүргийн 264 байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам гаргах, хөтөч хавтан байрлуулсан.
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор 8000 хүүхдийг үзлэгт хамруулан, шаардлагатай хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналт, эмчилгээнд оруулсан.
  • Парк шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой налуу тавцан, бэхэлгээтэй сандал бүхий шинэ автобуснуудыг оруулж ирэх зэрэг онцлох ажлуудыг хийсэн байна. Харин 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 10 байгууллагаас нийт 25 саналыг ирүүлжээ.

Хурлын төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг редакцын засвар оруулан батлахаар боллоо. Ташрамд дурдахад, тус зөвлөл нь 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top