Уран гулгалтын гайхамшиг ТАЛ НУТАГТ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг зохион байгууллаа.

Монголын анхны Мөсөн өргөөнд зохион байгуулагдсан тус шоу бидний дэлгэцээр л хардаг уран гулгалтын гайхамшгийг дэргэд авчирч, Монголын мөсөн талбайд Японы алдартай уран гулгагч нарыг “дүүлэн нисгэлээ”.

Мөсөн шоу эхлэв. Монголын уужим тал нутаг. Морин хуур, уртын дуу эгшиглэж, монгол үндэсний хувцастай хүүхэд багачууд мөсөн дээр тоглоно...
 


Тал нутгийн яруу сайхан, нам гүмийн дунд ижил сүргээсээ үлдэж, Наран улсыг зориогүй цэн тогоруу ганцаардан хэвтэнэ...
 


“Тал нутгийн мөсөн шоу”-ны цэн тогорууны дүрийг Монголын анхны уран гулгагч Г.Марал-Эрдэнэ бүтээжээ. Алсын оронд өсөж, уран гулгалтад залуу насаа зориулж яваа монгол охин эх нутагтаа эрх дураараа дүүлэн нисэх цэн тогоруу байв. Түүний уран яруу хөдөлгөөн, мэргэжлийн гулгалт мөсөн талбайг чимж, хүйтэн өвлийг дулаацуулж чадсан. Үзэгчдийн алга ташилт зөвхөн түүнд зориулагдаж буй мэт байв.

Эх орныхоо мөсөн талбайд анх удаагаа гулгаж буй Г.Марал-Эрдэнийн догдлол, уярал бүхэн илт харагдана.
 


Г.Марал-Эрдэнийн араас Японы мэргэжлийн уран гулгагч, дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, Гран-при тэмцээний олон удаагийн аварга Рика Хонго гарч ирэв.
 


Түүний араас Цүнэхито Каракава, Чисато Үрамацү, Хирако Хонда зэрэг Японы алдартай уран гулгагч шоуг чимлээ.

Мөсөн өргөөг чимсэн бас нэгэн сонирхолтой үзүүлбэр нь Японы хоёр эрэгтэй уран гулгагчийн хамтарсан үзүүлбэр байсан юм.
 


Мөсөн дээрх агаарын үзүүлбэр
 


Хөтлөгч Э.Ууганбаяр шоуг эхлүүлэхдээ мөсөн дээр агаарын үзүүлбэр үзүүлж, бас гулгав.

Мөсөн талбайд итгэлтэй нь аргагүй гулгаж буй түүний хөтлөлт, тал нутагт ганцаар үлдсэн цэн тогорууны тухай хүүрнэмж нь үнэхээр уран яруу байсантай хэн ч маргахгүй биз. Үзэгчид түүний элдэв авьяастайг магтаж, цэн тогорууны тухай хүүрнэмжинд нь уяран нулимс цийлэгнүүлэх хүн ч байлаа.
 


Мөн циркийн охид мөсөн дээр агаарт үзүүлбэр үзүүлж, дуучин Д.Оюунтүлхүүр агаарт дуулсан...

 

Залуу шорт трэкчидийн жавхаа
 


“Тал нутгийн мөсөн шоу”-г эхлүүлсэн Монголын залуу шорт трэкчид Мөсөн өргөөний бас нэгэн чимэг байлаа.

Тэдний жавхаалаг гулгалт, эрч хүч нь уран гулгалт, шорт трэк, хоккей зэрэг мөсөн талбайн спортоор хичээллэхийг хүсдэг хүүхэд багачуудад урам зориг өгсөн нь гарцаагүй.
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top