Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2 дахин их байна

2023 оны 01 сарын 30

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн /2023.01.30/ шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэсэн үг. Нийт өвчлөгсдийн дунд 0-1 насны хүүхэд 21, 2-4 насныхан 24 хувь, 5-9 насныхан 13.4, 10-15 насныхан 6.2 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 3.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч хүндрэл их байгаа. Нийслэлийн хэмжээнд үндсэн 835 орон дээр 404 орыг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн төрөлжсөн зургаан эмнэлэгт үндсэн 726 ор дээр нэмэлтээр 226 орыг дэлгэсэн. Томуугийн амбулаторийн цагийг ажлын өдрүүдэд оройн 17:00-21:00,  бямба гарагт 11:00-18:00 цаг болгож, уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн хүлээн авах тасагт нэмэлтээр 21:00, ид ачааллын үед 00:00 цаг хүртэл өрхийн эмч, амбулаторийн эмчээ ажиллуулж байгаа. Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2, сувилагчийнх хоёр дахин их байна” гэлээ.

Хэдий одоо томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай. Иймээс олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг ч сануулж, уриалсан юм. Ковидын дэгдэлт харьцангуй гайгүй байгаа ч бэлэн байдлыг хангаж, эмнэлгүүдэд эмийн гурван сарын нөөцийг бэлтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top