Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Өнгөрөгч 2020 оны сонгуулиар Сүхбаатар аймагт АН олонх болж, тус намаас М.Идэрбат хэмээх залууг аймгийн Засаг даргаар томилсон байдаг. Өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймгийг найман жил засаглахдаа анх өөд нь татаж, улс төрд оруулж ирсэн залуусын нэг бололтой. Уг нь тэр Шинжлэх ухаан технологийн сургуулийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд багшаар ажиллаж байсан багш хүн. Тийм ч учраас төрийн ажлын дадлага туршлага тааруу нэгэн гэдэг нь юу юунаас харагддаг.

Олон жишээ байгаагаас хамгийн сүүлийн жишээг дурдъя. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 5-26-нд тус аймагт 8-56 насны есөн иргэн нохойд хазуулсан. Харин тус аймгийн эмнэлгийнхэн тэдгээр иргэнд галзуугийн эсрэг вакцин хэмээн сүрьеэгийн эсрэг вакцин шахсан ноцтой асуудал гарсан. Энэ бол маш ноцтой асуудал бөгөөд Эрүүл мэнд болон Нэгдсэн эмнэлгийн дарга нар нь М.Идэрбат даргын томилсон хүмүүс гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Харин засаг ноён ноцтой асуудал дэгдэхээр нь гал унтраах арга хэрэглэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр их эмч Д.Алтантуяаг, Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэгийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон.

Түүний түр томилсон дарга нар нь доод шатны ажилтнууддаа хариуцлага тооцсон аж. Тухайлбал, тухайн өдрийн жижүүр эмч, сувилагч гэх мэт гүйцэтгэгч нарт хариуцлага тооцоод өнгөрсөн бололтой. Энэ бол ингээд орхих асуудал огт биш.

Эзэнтэй эзэнгүй нохойгоо захирч чадахгүй байгаа нь М.Идэрбат даргын багийн асуудал. Бас чиг шийдэж болох зүйл. Түүнд иргэд хазуулах, эсэх нь ч тэдний асуудал байж болно. Арга хэмжээ авч, нэг тийш болгож болох зүйл. Харин нохойд хазуулсан иргэдэд галзуугийн эсрэг вакцин гээд сүрьеэгийн эсрэг вакцин андуурч шахна гэдэг улсын хэмжээний ноцтой асуудал. Бүр байж боломжгүй зүйл учраас үүнийг өндөр хэмжээнд авч үзэх ёстой. Зөвхөн Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нар болон бусад алба хаагчдыг халаад зогсох биш, Засаг дарга М.Идэрбатыг огцруулж, дээр нь арга хэмжээ авах ёстой зүйл. Гэтэл огцорч, арга хэмжээ авахуулах ёстой Засаг дарга нь өөрийнхөө томилсон газрын дарга нараар туг тахиад өөрөө үлдэж байгаа нь яавч шударга явдал биш. Эм, тариа андуурч хийнэ гэдэг иргэдийнхээ амь насанд заналхийлж байгаатай адил зүйл. Үндэснийхээ өөдөөс өдүүлсэн гэмт хэрэг гэж үзсэн ч болохгүй зүйл алга.

Сүхбаатар аймгийн иргэд “Бид чухам юунд найдан амьдарч байгаа юм бэ” хэмээн халаглаж байна. Тиймээс Ерөнхий сайд захирамж гаргаж томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын асуудлыг эргэж харах ёстой болов уу. Мөн УИХ дахь АН-ын бүлэг, АН-ын удирдлагууд, Сүхбаатар аймгаас томилогдсон УИХ-ын гишүүн Ж,Батсуурь, Н.Ганибал нар анхаарч, Засаг даргадаа арга хэмжээ авах учиртай. Эс тэгвэл айсуй 2024 оны сонгуулиар амь насандаа заналхийлгүүлсэн иргэдтэй уулзах халуухан л байх болов уу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(120.17.29.150) 2023 оны 02 сарын 07

Батсуурийн хатсан талх гурлин боов, архи төмөрөнд санал өгсөн улс.

0  |  0
Иргэн(120.17.29.150) 2023 оны 02 сарын 07

Батсуурийн хатсан талх гурлин боов, архи төмөрөнд санал өгсөн улс.

0  |  0
Top