Монгол Улс “САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ" хэвлэлийн хурал өнөөдөр /2023.02.10/ “Блью Скай” зочид буудлын "Кристал" танхимд боллоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БОАЖЯ аялал жуулчлалын салбарт барьж буй бодлого, төлөвлөлтийн талаар олон нийтэд мэдээлэл өгөв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ " Монгол Улсыг гадаадад сурталчлахгүйгээр гаднаас жуулчин хүлээн авна гэсэн ойлголт байхгүй. Үүнийг бид хувийн хэвшилтэйгээ хамтарч хийнэ. Ялангуяа аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулснаар бид цаашдаа гадаад улсад байгаа дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамнуудтайгаа хамтарч консулын газруудаар дамжуулж сурталчилгаа хийнэ. Магадгүй жуулчин авчир гэдэг даалгаврыг Засгийн газраас өгч байгаагүй байх. Энэ удаа тийм даалгаврыг өгч байгаа.
Хамгийн их жуулчинтай БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-руу бид үүрэг даалгавар өгч байна. БНТУ-д суугаа ЭСЯ-руу үүрэг өгч байна. ХБНГУ-д суугаа Элчин сайдад үүрэг өгч байна. Та бүхэн Монгол Улсыг нэг талдаа дипломат аргаар сурталчлах ажлыг хийгээч ээ гэдэг чиг үүргийг Монгол Улсын Засгийн газар, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос өгч байгаа.
Мөн бид зорилтод дөрвөн орныхоо сошиал платформыг ашиглах ёстой. Өнөөдөр БНХАУ гэхэд ви чатаар дамжуулаад төлбөр тооцоо хийхээс гадна бүх сурталчилгаа нь явагдаж байна. Үүнд бид хэрхэн оролцох вэ гэдэг боломжуудыг нээхээр бид ажиллаж байна.
Нөгөө талдаа бид дотоод маркетингийг хийх ёстой. Манай дотоодын аж ахуйн нэгжүүд бэлэн байна уу? Төр маш хурдтайгаар ажиллаж байна. Одоо аялал жуулчлалын компаниуд, үйлчилгээний байгууллагууд, хувийн хэвшлүүд маань хурдтай ажиллах нэн шаардлагатай байгаа. Бид хүний нөөцөө бэлдэх, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, аялал жуулчлалын салбарын бэлтгэл ажлыг хангах, жуулчдын хандлагыг эерэг болгох дээр ажиллах зайлшгүй шаардлагатай” гэв. .
Сэтгэгдэл ( 0 )