Монгол Улс “САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ" хэвлэлийн хурал өнөөдөр /2023.02.10/ “Блью Скай” зочид буудлын "Кристал" танхимд боллоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БОАЖЯ аялал жуулчлалын салбарт барьж буй бодлого, төлөвлөлтийн талаар олон нийтэд мэдээлэл өгөв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Төвлөрч хийх ёстой ажлууд байна. Өнөөдөр зөвхөн Монгол Улс биш дэлхий даяар хүний нөөцийн дутагдалд ороод байгаа. Аялал жуулчлалын салбар 2-3 жил зогссонтой холбогдуулаад хүний нөөцгүй болсон гэдгийг дэлхий даяар ярьж байна. Бид үүн дээр төвлөрч ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтыг татах дэд бүтцийг сайжруулах, үнэлгээ, чанар сайжруулалтын ажлуудыг зайлшгүй хийх ёстой гэж харж байгаа.
Мөн Визийг цөөн хэдэн доллар төлөөд авчихдаг гэж боддог. Гэтэл тухайн визийг авахын тулд Элчин сайдын яам байрлаж байгаа газар руу түүнээс их зардлыг гаргаж тухайн улсын иргэд явдаг. Энэ нь өөрөө Монгол Улсад зочлох боломжийг боомилж байгаа гэсэн үг. Тэр ч утгаараа визээс чөлөөлөх бодлогыг манай Гадаад харилцааны яам маш сайн явуулж байгаа. Хамгийн сүүлд гэхэд европын холбооны 34 орныг визээс чөлөөлсөн. Энэ нь Монгол Улсад ирэх жуулчдын сонирхлыг нэмэгдүүлэхэд маш дөхөм болно.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд 1.5 сая хүн тээвэрлэх ажлыг төлөвлөж байгаа юм билээ. Энэ нь агаараар орж ирэх урсгал юм. Газраар орж ирэх урсгалыг давхар тооцох ёстой, энэ тал дээр ажиллаж байна. Мөн АНУ-тай шууд нислэг үйлдэх боломжоор хангах ажиллагаанууд хийгдэж байна. Түүнчлэн Катар Эйрвэйсийг (Qatar airways) Монголд оруулж ирэх ажлыг бид хийж байгаа. Катарын онгоцны буудлууд дэлхийн аялал жуулчлалын, дэлхийн транзит маш том төв. Энэ төвөөр өдөр бүр хэдэн сая жуулчин үйлчлүүлж байгаа. Бид Дохагаас авахуулаад наашаа Монгол Улс руу ирэх нислэгүүдийг бид бий болгосноор маш өндөр боломжийг бүрдүүлнэ. Japan Airlines Монгол Улс руу нислэг үйлдэхээ албан ёсоор мэдэгдсэн. Орон нутгийн нислэгүүдийг төрийн түвшинд дэмжиж ажиллаж зайлшгүй шаардлагууд бий болсон" гэв.
Сэтгэгдэл ( 0 )