УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд иргэд бүх төрлийн орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тусгасан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.
-УИХ-д өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуульд иргэд бүх орлогоосоо Нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ багц хуулийн төслийг нэгдүгээр сарын 12-ны өдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэж хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ удаагийн хуулийн төсөл иргэд буюу даатгуулагчдад маш ашигтай хуулийн төсөл болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ хуулийн төсөл дээр иргэд олон нийт, ажил олгогчдын зүгээс хүсэж байсан бүх зохицуулалтуудыг оруулж өгсөн гэдгийг хэлье.
Бүх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг ташаа мэдээлэл. Ийм ойлголт дэлхий дахины жишигт ч байхгүй, одоогийн хуульд ч байхгүй, бидний өргөн барьсан хууль дээр ч байхгүй. Өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулахаар тусгасан.
-Хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй орлого гэдэг нь юу вэ?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүний хамрах хүрээг нэмэгдүүлээгүй, мөн ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй олсон орлого тухайлбал, ажил олгогчийн олсон бүх төрлийн орлого, ажилтны байр, машин, гар утас зарсан зэрэг орлогод шимтгэл ногдуулахгүй юм. Түүнчлэн ажил олгогч, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй, цаашид ч нэмэхгүй болно. Хуулийн төсөлтэй танилцаж санал өгөх боломж одоо ч бий.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд иргэд https://d.parliament.mn хаягаар хандаж танилцах, санал өгөх боломжтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ТӨРИЙН ӨМЧИД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫГ ХЭЗЭЭ Ч ХУВЧИЛЖ БОЛОХГҮЙ??? КОВИДЫН ҮЕД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЯАЖ УЛСАА, АРД ИРГЭДЭЭ АВАРЛАА. ТИЙМД ЗАХИРЛЫГ НЬ ЗӨВ ЧАНГА ХҮНээ ТАВИАД ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГАХАД Л болно.