АРХАНГАЙ | Сум, агентлагийн дарга нарт сахилга, хариуцлагтай ажиллах үүрэг өглөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид өнөөдөр /2023.02.17/ агентлаг, байгууллагын удирдлага, сумдын засаг дарга нартай шуурхай хурал хийлээ. Хуралд сумдын удирдлагууд цахимаар оролцлоо.

Шуурхай хурлаар өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн албаны сул орон тоо, ерөнхий болон тусгай шалгалт, 2023 онд улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын зураг төсөв, он дамжсан хөрөнгө оруулалтуудын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагууд өглөө.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга тодорхой хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Үүнд:

  • 2022 оны татварын орлого, дансны үлдэгдэл зэрэг мэдээллийг холбогдох байгууллагууд гаргаж, танилцуулах,
  • Төрийн албан хаагчийн орон нутаг дахь нэмэгдлийг олгож, цалин нэмэгдүүлэх чиглэлээр бүх судалгааг холбогдох байгууллагууд гаргаж, танилцуулах,
  • Орон нутгийн өмчид хамааралтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын ашигтай ажилласан эсэх, цаашид хэрхэн ашигтай ажиллах, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад хийсэн аудит, шалгалтын дүн мэдээ, судалгааг танилцуулах,
  • Сум, агентлаг, хэлтсүүд хүний нөөцөө судлан аймгийн ТАЗ-д сул орон тооны захиалгаа өгч, холбогдох шалгалтуудыг 4-р сарын 1-нээс өмнө зохион байгуулж, дуусгах,
  • Хууль бус томилгоотой холбоотой асуудлыг судалж, танилцуулах,
  • Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх бүх төсөл, арга хэмжээний тендерийг 3-р сарын 10-ны дотор зарлах,
  • 9 суманд тендерийн эрх шилжүүлсэн асуудалд хариу тайлбар авч, эргэж харах зэрэг асуудлуудыг үүрэг болголоо.

Аймгийн засаг даргын зүгээс өгсөн хамгийн гол үүрэг чиглэл нь сум, агентлагийн удирдлагууд сахилга хариуцлага, дэг журамтай ажиллах үүрэг байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top