А.Алтансүх: Ирээдүйд Монголынхоо нэрийг дуурсгах шавь бэлдэх зорилготой

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 11

Шинэ тутам хөгжиж байгаа бильярдын спортод өөрийгөө сориод зогсохгүй уг спортыг нутагтаа хөгжүүлэхээр зорьж яваа Дорноговь аймгаас төрсөн анхны Бильярдын спортын мастер Амьбөхийн Алтансүхтэй хөөрөлдлөө.


-Таныг бага наснаасаа спортод сонирхолтой, гар бөмбөгөөс эхлээд сагс, одон бөмбөг хүтэл тоглож байсныг мэднэ. Чухам анх яаж яваад бильярдын спорт руу орчихов?

-Багаасаа л төрөл бүрийн бөмбөг тоглож байсан, харин пүүл бильярд гэдэг зүйлийг 2002 оноос тоглож эхлээд 2007 оноос снукер бильярд сонирхон тоглосон доо. Энэ үеэр “Аварга”, “Нара снукер”, “Синатар” клубээр найзуудтайгаа явж тоглох болсон. Бильярдад ихээхэн хорхойсож байх үед юм даа, 2011 онд ажлын шаардлагаар Замын-Үүд явсан. Дуртай сонирхолтой учраас зав зай гаргаад  тоглоно, хотод ирэхээрээ “Элит” клуб дээр ирж тоглоно.

Хүүхэд байхаасаа янз бүрийн бөмбөг хөөж байсан авьяас л энэ спорт руу оруулсан болов уу. Бильярд гэж зүйлийг тоглож үзээд болмоор санагдсан, маш хурдан суралцсан юм даг. Хамт тоглож байсан найз нар болохоор тав, зургаан жилээс дээш тоглосон хүмүүс байсан ч би хэдэн сарын дотор суралцаж сайжирсан, өнөө хэдээ хождог боллоо. Ингэхээр өөр орон зай хайдаг юм билээ. Тэгээд улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн.

-Нэгэнт энэ спортыг сонирхоод орж ирсэн. Тэгэхээр анхны тэмцээн бол таныг чухам хаана явааг хэлж өгнө биз дээ. Тэнд л мэргэжлийн гэж болох тамирчид орж ирнэ байх?

-Анх клубын тэмцээнд орж гуравдугаар байрт шалгарч ихэд урам авч байсан, үүнээс хойш клубуудын тэмцээнд олон удаа түрүүлсэн. Улсын чанартай гэвэл 2016 онд Цомын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч Спортын дэд мастерын болзол хангаж байсан. Үүний дараа 2018 онд Залуучуудын улсын аваргын шилдэг наймд орсон. Мөн мастерс ангилалд Лигийн аварга болж байв. Ингээд 2018 онд Дорноговь аймгийн снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тэр жилдээ бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчдыг тодруулах чансааны тэмцээнд оролцсон.

Энд оролцож болзол хангасан учраас Мьянмар улсын Янгон хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан даа. Үүний дараа 2019 онд Цомын аварга, Мастерс, Улсын аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцсон чансаагаар Турк улсын Анталия хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан. Үүнээс хойш цар тахал гээд улсын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсонгүй, харин 2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсан чансаагаар 2022 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн.

-Дэлхийн дэвжээ бол мэдээж аугаа том зүйл. Ингэхэд манай тамирчдаас дэлхийн хэмжээнд ямар амжилт үзүүлж байсан юм бэ?

-Дэлхийн дэвжээ бол чанга, сүрдмээр дэвжээ. Дэлхийн том дэвжээ үзсэн хүн сэтгэлзүйгээс эхлээд өөр болдог юм билээ. Нөгөө талаар туршлага хуримтлуулах, судлахаас эхлээд олон тал дээр өөрчлөлт гардаг. Урьд өмнө манай тамирчид шилдэг 16-д үлдэж байсан, үүнээс илүү амжилт одоогоор алга. Гэхдээ монголчууд энэхүү амжилтаа урагшлуулах бүрэн боломжтой, манай тамирчид жилээс жилд амжилтаа ахиулсаар байгаа. Миний хувьд гэхэд сая Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Ази тивийн аварга, 2019 оны Дэлхийн аваргын хүрэл медальтай Энэтхэгийн тамирчинтай таарч тоглоод 3:2-ын харьцаагаар хожиж шуугиан тарьсан. Ази тив, дэлхийн хэмжээний шилдэг тамирчинг монгол хүн хожиж байна гэдэг бидэнд боломж байгааг бүрэн харуулсан хэрэг. Бид тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд нэг хожил авбал их юм гэж тооцож байсан ч шуугиан тарьсан.

-Бильярдын спортыг манайд шинэ тутам гэж үзэх байх. Цаашид хөгжих боломж байгааг дээр хэллээ. Таныг нутагтаа бильярдын спортын клуб нээлээ гэж дуулсан?

-Энэ спорт нь манай улсад шинэ тутам хэдий ч сүүлийн үед их хурдацтай хөгжиж байна, залуус ч ихэд сонихох болсон, цаашид хөгжих бүрэн боломжтой. Миний хувьд Дорноговь аймагт бильярдын спортыг хөгжүүлэх зорилгоор клуб нээгээд байнгын ажиллаж байна. Аймгийн хэмжээнд гэхэд снукер бильярдын тэмцээнд оролцож байгаа хүний тоо 40 гаруй болж байна гэхээр чамгүй өргөн хүрээг хамарч байна гэсэн үг. Үүнээс гадна хүүхэд залуус ч олноор ирдэг. Чансааг нь тогтоогоод өгөхөөр сонирхогч тамирчид чансаагаа ахиулахын төлөө өрсөлдөх болсон. Манай клубээс сар болгон тэмцээн зохион байгуулж байгаа учраас хамрах хүрээ ч өргөн болж байна.

-Таны хувьд Дорноговь аймгаас төрж гарсан анхны бильярдын спортын мастер. Мастерын болзолыг хэдэн онд биелүүлсэн бэ?

-Шинэ тутам спортод хөл тавиад 2021 онд мастерын болзол биелүүлсэн нь аймгаасаа анхдагч болж байгаа юм билээ. Нэгэнт аймагтаа клуб байгуулаад энэ спортыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа учраас Дорноговь аймгийн бильярдын холбоог байгуулж байна. Аймгийн хэмжээнд бүх сумдыг хамарсан Бага олимп гээд спортын наадам болдог. Үүнд бильярдын төрлийг оруулахаар ярилаа.

-Энэ спортоор өөрөө хичээллээд амжилт гаргасан төдийгүй аймаг орон нутагтаа хөгжүүлэхээр зорьж яваа нь сайн хэрэг. Гэхдээ аливаа зүйлийг хийхэд хөрөнгө санхүүгийн асуудал гэж бий. Орон нутгийн удирдлага, бизнесмэнүүд эрх биш дэмжиж байна уу?

-Энэ тал дээр аймгийн удирдлагууд болон бусад хүмүүс ихэд таатай хүлээж авсанд баяртай байгаа. Аймгийн Засаг дарга О.Батжаргал болон Засаг даргын Тамгын газар дэмжиж тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Одоо сар болгон зохион байгуулж байгаа тэмцээнийг такс төлбөрөөс нь шагналын сан бүрдүүлээд амжилт үзүүлсэн тамирчдаа урамшуулаад явж байгаа. Нэгдүгээр сарын эхний хагас сайн өдөр өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж уламжлахаар эхлүүлсэн. Анхны тэмцээнийг миний найз, бизнесмэн С.Мөнхсүх ивээн тэтгэж сайхан болсон. Одоо аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сард зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

Энэ тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газраас дэмжинэ гэсэн. Мөн аймгийн Иргэдийн хурлын дарга Б.Ганзориг аль нэг тэмцээнийг ивээн тэтгэнэ гэсэн. Энэ мэтээр орон нутгийн удирдлагууд, анд нөхөд танил талын хэмжээнд л хөрөнгө санхүүгээ зохицуулж байна. Аливаа уралдаан тэмцээн зохион байгуулах, өөрөө оролцоно гэдэг өндөр зардал гардаг. Би гурван удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Алтанширээ сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш, Замын-Үүд сумын “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдлага, нийт тээвэрчид, анд нөхөд, ахан дүүс гээд бүгд дэмждэг. Эдгээр хүмүүст талархаж явдгаа танай сониноор дамжуулан уламжлъя.

-Улсын аваргад Дорноговь аймгаас хүүхэд залуучууд бэлдэж оруулав уу?

-Энэ жил арай амжаагүй. Одоо дөрөвдүгээр сард аймгийн Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сард болдог учраас үүнийг угтан зохион байгуулж, эхний байр эзэлсэн хүүхдүүдэд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх өгнө гэсэн бодолтой байна. Үүнийг угтаж, сургалт явуулаад эхэлсэн. Мөн эмэгтэйчүүдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн, холимог баг гэх мэтээр төрөлжүүлээд зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Бильярдын спорт нарийн байх?

-Биллардын спорт бол маш нарийн мэдрэмж шаардсан зүйл. Шааригаа яаж хаана тавих, нуухаас эхлээд бодлого явна. Энгийнээр хэлэхэд бильярд тоглоно гэдэг шатар тоглохтой адилхан. Өрсөлдөгчөө аль болох хүнд байдлаас цохиулна. Авах салгах шааригаа зохицуулна. Толгой их ажилладаг спорт.  

-Цаашдын зорилт юу байна?

-Сайн шавь бэлдэх зорилготой ажиллаж байна. Улс, улмаар тив дэлхийн хэмжээнд Монгол Улсынхаа нэрийг дуурсгах шавь бэлдэх зорилго байна. Залуучуудын хувьд анхнаасаа техникээ буруу эзэмшсэн, буруу дадлаар сурчихсан учраас засахад хэцүү юм билээ. Тиймээс түүнийг засна гэхээр бүр шинээр эхэлнэ, цаг хугацаанаас эхлээд асуудал бий. Харин хүүхдийг анхнаас нь зөв техникээр сургаад цааш явуулах хэрэгтэй.

-Өнөө цагийн бильярдын спортын өнгийг тодорхойлж байгаа ямар тамирчид байна?

-Дэлхийн дэвжээнд хамт өрсөлдөж байсан Улсын хошой аварга Лхагвасүрэн, Улсын аварга Энхжаргал, Өлзийтогтох, Мэндсайхан, Болорхүү, Очирболд нарын тамирчид өнөө цагийн өнгийг тодорхойлж, надтай хамт гурван удаа дэлхийн дэвжээнд хамт гарч байлаа. Мөн Мастерс ангилалд Гэлэг, Энхтүвшин гээд аваргууд явж байсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top