IX Богд гэгээнтний Монголын хэвлэлд өгч байсан ЦОР ГАНЦ ЯРИЛЦЛАГА

Админ | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10


Дээрхийн гэгээнтэн Далай лам 2023 оны гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дармасала хотноо Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт, хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува уламжлалын авшиг хүртээлээ. Энэ үйл явдлын үеэр Далай лам Монголын X Богдын дүрийг олонд анх харуулан, "Өнөөдөр бидэнтэй хамт Монголын IX Богд Жавзундамба хутагтын хойд дүр сууж байна. Богдын шинэ дүр энд хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм” хэмээснээр одоо дүрийн X Богд Жавзундамба хутагт найман насны сүүдэр зэрэгцэн ахуй үестээ Далай багшийн айлдсан Хар Дэмчиг бурханы их авшигаар Усан туулай жилд тодрон гийлээ.

Халхын IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан 1932 онд лагшин мэндэлсэн ба 1999 оны шороон Туулай жил анхлан Монгол оронд заларч, 2009 онд Монголдоо бүр мөсөн эргэн ирж, 2011 оны арваннэгдүгээр сард Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүнээр түүнийг зарлаж байв. IX Богд Жавзундамба хутагт 2012 оны гуравдугаар сарын 1 буюу Хар усан луу жилийн Хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр 81 нас сүүдэртэйдээ жанч халж, ингэхдээ “Миний дараах дүр Монголдоо төрнө, түүнийг миний багш, XIV Далай лам тодруулна. X дүрийн Богд Жавзундамба хутагт улс төрийн хэрэгт оролцохгүй, зөвхөн шашин номын үйл эрхэлнэ” хэмээн гэрээсэлсэн гэдэг. 

Монголын X Богд тодорсон энэ өдрүүдэд түүний өмнөх төрөл болох IX Богд гэгээнтний Монголын хэвлэлд өгч байсан цорын ганц ярилцлагыг дэлгэн толилуулж байна.

Энэхүү ярилцлагыг Ж.Нандинзаяа 2008 онд "Ардын эрх" сонины сэтгүүлчээр ажиллах байх үедээ монголчуудын хүртээлд хүргэж байсан юм. 

(Сэтгүүлчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв)



IX БОГД ЖАВЗУНДАМБА ХУТАГТ ЖАМБАЛНАМДОЛЧОЙЖИЖАНЦАН: БИ НОГООН ОРДОНД БАЙСАН БАЙГААГҮЙ МОНГОЛЧУУД МААНЬ СҮСЭГ БИШРЭЛТЭЙ,
БИ ТЭДЭНДЭЭ ХАЙР ЭНЭРЭЛТЭЙ БАЙХАД БОЛНО

2008 он, Дармасала хот, Дагдан Лавран

Ярилцсан Ж.НАНДИНЗАЯА

2008 оны нэгдүгээр сарын 31. Өглөөний 10 цаг 30 минутад Халхын IX Богд Гэгээнтэй уулзахаар товлосон цагтаа Дагдан Лавранд очлоо. Хүлээлгийн өрөөнд сандарч тэвдсэн сэтгэлээ тайвшруулах санаатай хананд өлгөөтэй монголын байгалийн уран зургуудыг харж зогстол туслах нь намайг багшийн уулзалтын өрөөнд орохыг зөвшөөрч дохив.

Урьд нь хоёр ч удаа Богд Гэгээнд мөргөхөөр орохдоо арьсан дээр урласан Чингис хааны хөргийг анзаарч харж байгаагүйгээ сая олж харлаа.Богд багшийн лагшин тунгалаг, сэтгэлд дотно инээмсэглэн сууж байна. Монгол ноолууран цамц, эсгий углааш өмсчээ. Монгол гэх бүхэнд хайртай Богд багшийн нигур төрх өмнөх дүртэйгээ бүр ч адилхан харагдах шиг… Ингээд Халхын IX Богд эхний асуултыг минь сонирхов.

Нэгдүгээр асуулт: Бага балчир нас…

-Би 1932 оны усан бичин жилд Түвдийн Үй мужид төрсөн. Эхээс төрсөн цагаас эхлээд л Монгол гэдэг нэр надтай үргэлж холбоотой байсаар өдий хүрсэн дээ. "Энэ хүү наймдугаар Богдын хойд дүр мөн" гэж тухайн үеийн Монголын том лам хуврагууд намайг өргөмжлөн тэтгэдэг байлаа. Гэвч намайг төрсөнтэй бараг уралдаад Монголд цаг үеийн байдал өөрчлөгдөж эхэлсэн. Түүнээс хойш Богдыг өргөмжилж залах хүнгүй болсон гэхэд болно. Цаг үеийн байдал өөрчлөгдсөн хэдий ч сахиус, хувилгаадууд "Та бол Халх Богд мөн шүү" гэж нууцаар хэлдэг байсан. Миний бага нас Далай багшийн "Потала" ордны ойролцоо өнгөрсөн юм. Манай гэр тэнд ойрхон байсан. Гудамжны нэг талд манайх. Нөгөө талд нь Түвдийн нэг түшмэл лам амьдардаг байлаа. Тэр үед Түвдийн төрийн албыг том лам хуврагууд нь залгуулдаг байсан юм. Тэр лам түшмэлийг яагаад ярьж байгаа вэ гэвэл бас учиртай. XIII дугаар Далай лам тухайн үед тэр лам түшмэлийг наймдугаар Богдын сойвонгоор /туслах/ томилж бүх ажил хэрэгт нь тусалж бай гэж Монгол руу явуулж байсан юм билээ. Тэгээд тэр хүн наймдугаар Богдын сойвон хийж байгаад Монголд цаг үе эвгүй болмогц буцаад Түвдэд ирж.

Гудамжны наана цаана ойрхон амьдардаг байсан болохоор би тэр лам түшмэлийн гэрийг андахгүй сайн мэддэг байлаа. VIII Богдын сойвон байсан болохоор түүнд Богдын амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан эд зүйлс нэлээд их байсан биз. Нэг удаа тэр түшмэл гэрийнхээ гадаах хэцэн дээр VIII Богдын өмсч байсан нэг их гоё торгон хувцсыг тавьчихсан байхад нь би булааж зугтааж байсан юм. Тэгэхэд би гурав дөрөв орчим настай байсан байх. Тэгэхэд л өнөө түшмэл намайг "Энэ яах аргагүй Халх Богдын хойд дүр мөн байна" гэж итгэсэн гэдэг.

Дөрөвтэйдөө би түвд үсэг заалгасан. Миний язгуурын багш Радэн ринбүчи тухайн үеийн Түвдэд бараг хааны эрх мэдэлтэй төрийн түшээ хүн байлаа. Тэр үед би монгол хэлээр бага зэрэг ярьдаг байсан. Долоон настай байхад багш маань намайг Халхын богд гэдгийг тас нууж, ямар ч хувилгаан биш энгийн хүүхдийн байдалтайгаар Гомман дацанд шавилуулахаар явуулсан. Анхандаа Гомманд намайг Халх Богдын хойд дүр гэдгийг мэддэггүй байсан ч хэсэг хугацааны дараа тэр үг яриа тархаж хүмүүс хоорондоо шивэр авир гэх болсон. Далай багшийн Найчун чойжин, Гаадан чойжин хоёрын сахиус буух бүрт намайг Халх Богдын хойд дүр мөн гэж гарч ирж байсан гэдэг. Үүнээс хойш тэр үг яриа миний шавилж байсан Гомман дацанд нэлээд тархсан. Ингээд би дацандаа 20 нас хүртлээ сууж, Умын ном хүртэл үзсэн. (Умын номыг үзэж дууссанаар хоосон чанарыг бүрэн дүүрэн ойлгодог байна. сурв)

Хорин настайдаа Түвд дэх өөрийн хийд Жонанпунцаглиндаа буцаж очиж байлаа. Ингээд 28 нас хүртлээ тэндээ байж байгаад 1959 онд цагийн ороо бусгаа байдлаас шалтгаалан нууц байдлаар дүрвэж Энэтхэгт ирсэн. Түүнээс хойш цагаач хүмүүс яаж амьдардаг вэ, яг л тийм амьдралаар амьдарч янз бүрийн амьдралыг үзэж туулсан даа. Газар хагалж ногоо тарихаас эхлээд л ноосон цамцны худалдаа наймаа ч хүртэл хийж байлаа. 1991 он хүртэл яг л энгийн хүн шиг ингэж амьдарсан. Тэр жил Түвдийн Соёлын сайд Галсан-Иш Монголд очоод П.Очирбат ерөнхийлөгчтэй уулзахад П.Очирбат болон сүсэгтний холбооныхон "Халх Богдын хойд дүр Энэтхэгт цагаачилсан сураг дуулддаг. Одоо манай улс ардчилсан болж ард түмэн шашин шүтэх эрх чөлөөтэй болсон. Тиймээс Богдыгоо хайж сурагласан хүмүүс мэр сэр байна. Хайж өгөөч" гэж хүссэн юм билээ. Галсан-Иш сайд буцаж ирээд Далай багшид энэ талаар айлтгаад тэгээд намайг эрж олсон.

Ингэж Далай лам "Халх Богд мөн байна" хэмээн мутрынхаа тамгыг тамгалж албан ёсоор анх удаа тамгатай бичгээ надад өргөсөн юм аа. Ингэж 1991 онд анх удаа албан ёсоор баталгаажуулснаар би үнэн IX Богд гэж хүлээн зөвшөөрөгдсөн гэж болно. Түүнээс өмнө мөн, биш гэсэн яриа хаа сайгүй байсан. Тэр үед би өмнөд Энэтхэгт амьдарч байсан юм. Далай багш надад дээд зэргийн хүндэтгэл үзүүлж, Халх Богдыг Өмнөд Энэтхэгт биш заавал Дармасала хотод сэнтийнд нь залах учиртай гэж урьж авчирсан. Шавилан сууж байсан Гомман дацан маань хүртэл надад их хүндэтгэл үзүүлэн өргөмжилж, заавал хийддээ аваачиж сэнтийнд зална гэж зүтгэсээр мөн тэнд очиж сэнтийндээ сууж байлаа.

1991 онд байх аа. Сүсэгтний холбооныхон билүү би сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар VIII Богдын шавь байсан Сэрээтэр гэх настай лам, сэтгүүлч Ш.Гүрбазар, яруу найрагч О.Дашбалбар, Гүндсамбуу лам гэх зэрэг хүмүүс Дармасалад ирж Богдын хувцас өмсгөлийг иж бүрнээр нь надад өгч байсан. 1992 оноос Америк, Канад, Орос, Сингапур, Швейцарь зэрэг орнуудад очиж бурхны номыг түгээн дэлгэрүүлэх болсон. Ингээд 1999 онд Монгол оронд анх удаа зочилж байлаа. 1999 онд очиж байхад Чойжамц хамба болон бүх хийдийн тэргүүн хамба лам нар маш халуун дотноор хүлээн авч байсан. Би энэ жил 77 нас сүүдэр зооглож байна. Далай багшийн нигээлсэнгүй ачлал, хайр энэрлээр хаа ч байсан их сайхан байж өдийг хүрлээ.

Богд Гэгээн өөрийн ярихыг хүссэн бүхнээ энэ хүртэл яриад зогслоо. Хүүхэд наснаасаа эхлээд өнөөдрийг хүртэлх амьдралынхаа замналаа… Бага балчир насных нь тухай асуусан дэндүү уламжлалт гэмээр миний эхний асуултад л багш өөрийн тааллаар хариулсан нь энэ. Ганцхан асуултын хариулт хэтэрхий урт санагдаж байж болох ч надад Богд багшийн яриаг таслах эрх байтугай сэтгэл ч байгаагүй билээ. Ингээд Богд багш надаас хоёр дахь асуултаа тавихыг санал болгов.

-Та Монголд дахин хэзээ морилох вэ?

-Би өөрийгөө Монголд хэзээ ч очиход бэлэн гэж үзэж байгаа. Монголын төр засаг, шашны байгууллагуудын урилгаар тун удахгүй сайхан Монгол орондоо дахин очих байх гэж найдаж байна даа.

-1999 онд Монгол оронд очиход танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Урьдын барилдлагатай байсан болохоор ч тийм юм уу, бүү мэд Монгол гэхлээр л бага байхын сэтгэл их баясч, хөөрдөг хүүхэд байсан. Очъё гэсэн сэтгэл маш их байсан боловч цаг үеийн байдлаас болж дөнгөж 1999 онд очсон доо.

-Монголд морилох хугацаандаа та хаана, хаана очсон бэ?

-Хотоос гараад Хар-Хорин дахь Эрдэнэ-Зуу хийдэд очсон маань хамгийн тод санагддаг юм.

-Эрдэнэ-Зуу хийдэд Монголын бүх хийдийн тэргүүд цугларч, таныг Монголын бурхны шашны тэргүүнд өргөмжилж тамгаа гардуулсан гэдэг. Монголын бурхны шашны тэргүүний хувьд та Монголд очвол хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

-Бид бүгдээрээ Далай ламын шавь нар. Амар амгалан, энх тайвныг л хөгжүүлэх нь хамгаас чухал. Монголчууд маш их сүсэг бишрэлтэй. Надад Монголын бурхны шашны тэргүүн гэж өргөмжилсөнд дуртай ч хүн бий, дургүй ч хүн бий. Хамгийн гол нь миний хувьд тайван амгалан, эв нэгдэлтэй байдлыг л урьтал болгохыг хүсдэг дээ. Хэдий бүх хийдүүдийн тэргүүд надад тамга барьж, шашны эзэн гэдгээр өргөмжилсөн ч гэсэн би тэгж хөөрөлгүйгээр зарим хүмүүсийг гомдоох зүйл хийж, дургүйцсэн сэтгэл төрүүлэхийг хүсэхгүй. Би ногоон ордонд байсан байгаагүй Монголын ард түмэн маань сүсэгтэй, би ард түмэндээ хайр энэрэлтэй байхад болно гэж боддог доо (Богд хааны ногоон ордонг хэлж байна).
 


-Та бага байхаасаа л Монгол гэдэг нэртэй холбоотой өдий хүрлээ гэж дээр ярьсан. Чихээрээ олонтаа сонссон Монгол орон таны төсөөлж байснаас хэр их зөрүүтэй байсан бэ?

(Монголд очсон сэтгэгдлийн талаарх асуултад Богд Гэгээн "дутуу" хариулсан болохоор энэ асуултыг асуусан юм)

-Тэгэхэд би Оросоос Монгол руу очиж байлаа. Москвад байсан гэвш Пэрэнлэй гээд түвд лам, өөрийн хэсэг шавь нарын хамтаар Монголд зочилсон. Онгоцонд явж байгаад одоо Монголын дээгүүр нисч байна гэхэд өөрийн мэдэлгүй нулимс урсаж байсан. Өөрөө уйлж байгаагаа мэдээгүй. Нэг шавь маань "Багш аа, та уйлж байна" гэж хэлэхэд л өөрийгөө анзаарсан.

Энэ асуулт Богд багшийн сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлсэн. Богд багшийн хоолой зангирч, нүднээс нь нулимс бөмбөрч байгааг харахад зүрх шимшрэхгүй байхын аргагүй байлаа. Дуу хураагуур дээрээ бичиж авсан тэр хэсгийг сонсон, ярилцлагаа буулгаж байгаа яг энэ агшинд миний сэтгэл өвдөж байна. Хар нялхаасаа Монгол гэдэг нэрээр овоглож, сэтгэл зүрхэндээ хамгийн ойр тээж явсан Богд Гэгээнд Монгол орондоо 60 нас сүүдэр хол давсан хойноо морилоход ямархан сэтгэл төрж байсныг багшийн зангирсан хоолой, нулимсаа барьж дийлээгүй сэтгэлээс өөр юу илэрхийлж чадах байсныг мэдэхгүй. Ингэхийг хүсээгүйдээ Монголд морилоход төрсөн сэтгэгдлийн талаар асуусан миний өмнөх асуултад Богд багш "өөр" хариулт өгсөн байх.

-Мэдээж та Монголд морилохдоо өмнөх дүр VIII Богдын ордон музейд зочилсон байх? Ямар санагдаж байсан бол?

-VIII Богдын ордонг би үзвэр үзэж байгаа юм шиг л үзсэн шүү дээ (инээмсэглэв). Гэхдээ урьдын авьяас сэргэж байсаан. Бүх зүйл нүдний өмнүүр өнгөрөх мэт санагдсан. Өмнөх Богдын цөөхөн зүйлс л үлдсэн байна билээ.

-Тун удахгүй Монголын ард түмэн хулгана жилтэйгээ золгоно. Шинэ оны өмнө та Монголчуудад хандаж ерөөлийн сайхан үг хэлээч?

-Монголчууд бүгдээрээ сүсэг бишрэлтэй. Эцэг эх, өвөө, эмээ нь үр хүүхэддээ шашин соёлын уламжлалаа өдий хүртэл өвлүүлж яваа нь үнэхээр сайхан санагддаг. Хүн бүр дор бүрнээ энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй байхыг хичээж яваарай. Энэ бол ном юм. Хүн бүхэнд хэрэгтэй зүйл энэ юм шүү. Монголын ард түмэндээ сар шинийн мэнд хүргэе.

Богд багшийн ширээн дээр гоё амттай хар чавга, монгол хиам, "Любимый сад" гэх "монгол" жимсний шүүсний савтай ямар нэг зүйл (миний тааснаар дотор нь борц байсан байх) байлаа. Бидний энэхүү фотог Богд Гэгээнийг охиноос нь дутахгүй үргэлж халамжлан асарч байдаг багшийн туслах Катя гэх залуухан орос эмэгтэй дарсан юм л даа. 77 нас сүүдэр зооглож байгаа Богд багш маань яг л сахилгагүй бяцхан жаалхүү шиг нэг хиам гозойлгоод барьчихсан зургаа даруулах гэж байхад нь Катя "зэмлэн болиулсан" юм. Бид бүгдээрээ бөөн инээдэм болцгоосон доо. Монголын ард түмнийг сар шинийн өмнө Богд Гэгээнтэй уулзуулах энэхүү буянтай үйлсэд багшийн үг айлдварыг хичээнгүйлэн орчуулж тусалсан Дагдан Лаврангийн лам, мөн багшийн туслах Жамъяндорж ахдаа чин сэтгэлийн угаас баярласнаа илэрхийлье.

…Тэмдэглэлийн дэвтэр дээр маань хариултаа хүлээсэн олон асуулт үлдлээ. Түвд эх нутгийнх нь тухай, Далай багшийн тухай, хойд дүрээ хэрхэн яаж тодруулах тухай болон бас бус цөөнгүй хэдэн сониуч асуултууд хариултгүй хоцорсон ч би сэтгэл дүүрэн Дагдан Лаврангаас гарч явлаа.

Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын IX дүр Богд Жамбалнамдолчойжижанцан Монгол оронд дахин морилох өлзий бэлгэтэй тэр сайхан өдөр тун удахгүй ирж, миний тэмдэглэлийн дэвтэр дээр үлдсэн шиг олон асуултуудад Монголын ард түмэн хариултаа олоосой. Хэдий өнөөдөр Богд хааны ногоон ордонд IX Богд залраагүй байгаа ч гэлээ орон зай үл хамааран өглөө бүр Монгол орны төлөө, монгол хүний төлөө залбирдгийг нь Монгол хүн бүхэн санаж байгаасай гэж хүснэ.
 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top