Аравдугаар Богдыг тодруулсан тухай долоон жилийн өмнө бүдэг бадаг сонсогдоод өнгөрсөн ч сая туулай жилийн шинийн гурванд сэнтийд залсан нь тодорхой болж, удалгүй гуравдугаар сарын 8-нд Энэтхэгийн Дарамсала хотноо Дээрхийн гэгээнтэн ХIV Далай ламын айлдвар дээр заларсныг зураг хөрөгтэй нь толилуулав. Ингэхдээ Халхын шарын шашны тэргүүн Х Богд Жавзандамба хутагт гэсэн нэр өргөмжилсөн харагдана лээ.
Наймдугаар Богд Жибзундамба таалал төгссөнөөс хойш 99 жил, есдүгээр Богд жанч халснаас 11 жилийн дараа ийнхүү нам гүмхэнээр Х Богдтой боллоо.
Ингэхэд орчин цагийн Богд гэж хэн бэ? Шүтээн юм уу, эсвэл өөр үүрэг хариуцлага бий юү?
Шүтэх, эс шүтэхийн дэнсэн дээр нэг хэсэг нь ямартай ч мөргөж адис хүртэх бас нэг мяндагтантай боллоо хэмээн ойлгож буй. Мухар сүсэгтэнгүүд нь Богдод мөргөвөл мөнгө төгрөгтэй болох болов уу, баяжих арга чарга юу байна гэсхийн эгээ л ХХ зуун эхэн үеийнх мэтээр “Богдтон мутраасаа юм хайрла” гэдэгтэй ижилхэн сэтгэж байх шиг. Улстөрийн хүрээний увайгүй зарим нь хээл хахууль цутгаж байгаад хэдэн жил ашигтай суудалдаа шигдэхсэн ч гэж мөрөөдөж байж мэднэ. Юм л бол хадаг самбай, мөнгө төгрөг өвөртлөөд сахил санваартан, үзмэрч төлгөч рүү гүйдэг улстөрчид байдаг л хойно.
Нөгөө нэг хэсэг хүн Бурхны шашны тэргүүн, цэвэр номын ёсыг сахисан хүн байх биз гэдэг талаас харж буй. Бас зарим нь “Богдын хэрэг огт үгүй. Түүгээр яах юм. Далай багш байхад Богдоор дутав” гэж дургүйцэх шинжтэй. Бурхангүйчүүдийн хувьд богдтой богдгүйн ялгаа огтоос үгүй.
Ямартай ч ширээндээ заларсан наймхан настай Богд маань Монгол дотроосоо тодорсон гурав дахь нь болов. Өмнөх есөн дүрийн Богдоос анхдугаар болоод хоёрдугаар нь л монгол хүн байв. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг монголчууд бүгд мэдэх бол Хоёрдугаар Богд Лувсандамбийдоми нь Түшээт хан аймгаас гаралтай байсан агаад монголчууд Манжийн эсрэг тэмцэлд тэднийг тойрон нэгдэх нь ойлгомжтой байснаас хоёр монгол Богд хоёулаа Манжийн гар хөлийн оролцоотойгоор хорлогдон өөд болсон гэдэг. Хоёрдугаар Богдын шарилын сүм нь Дамбадаржаалин хийдэд буй. Ер нь ч уг хийдийг тэр зорилгоор байгуулсан гэдэг. Түүнээс хойших Богдуудыг бүгдийг Төвөдөөс залсан билээ.
Тэгвэл шинээр ширээндээ заларсан Х Богд Монголд ямар хэрэгтэй вэ?
Богдыг заавал Дээрхийн гэгээнтэн Далай лам тодруулж залах учиртай тул тийнхүү 2016 онд өмнөд хөршийн хориг, өндөр нас зэргээ үл харгалзан Монголд ирж, олон хүүхдийн дундаас онцолсон ой гаруй настай хүүг зарлаад буцсан. Далай багш олон шалтгааны улмаас дахин Монголд морилж чадахгүй ч байж мэднэ. Есдүгээр Богд жанч халахдаа хойд дүр нь Монголд төрнө гэдгийг тодорхой хэлсэн. Тэр бүү хэл нэлээд хэдэн жилийн өмнө Далай багштан лагшин чилээрхүү байхдаа “Би хойд насандаа Монголд, тэр бүү хэл эмэгтэй хүн болж төрөхийг үгүйсгэхгүй” гэсэн гэдэг.
Дээрхийн гэгээнтний хэлдэг учиртай. Хэрэв тэрбээр гэнэт таалал болбол өмнөд хөрш толгой мэдэн түүний хойд дүрийг тодруулах нь гарцаагүй. 1997-1998 оны үед Банчин богд жанч халахад Төвөдөд нэгэн хүүг хойд дүрээр тодруулсан боловч Бээжинд дуудан ирүүлээд сураггүй болсон, гэрийн хорионд хийсэн гэж тухайн үед дам сураг гарч байсан ч чимээ тасарсан. Харин оронд нь түүнтэй нас чацуу хятад хүүг Банчин богдоор өргөмжилсөн билээ. Үүн лугаа Далай багш Х Богдыг тодруулж амжилгүй тэнгэрт хальж гэмээнэ өмнөд хөрш түүний хойд дүрийг тодруулж, улмаар тэр Далай лам нь Халхын Х Богд хэмээн Төвөдөөс өөрийн төлөөний хүнийг тавихыг үгүйсгэж боломгүй байв. Хэрэв тэгвэл шашны байдал улс төр рүү хэлбийж, улмаар аюулгүй байдлын талд ч асуудал үүсэж мэдэхийг эрдэмтэн мэргэд алсаас харсан л байх. Ийм л учраас 2016 онд гэнэтийн тэр нэг үйл явдал болсон байж таарна.
Есдүгээр Богд 2012 онд таалал барихдаа “Х Богд бол улс төрийн үйл хэрэгт огт оролцохгүй, шашны үйл хэргээ дагнана” хэмээн гэрээсэлсэн нь бий. Тэгэхээр Х Богд Монголын Бурхны шашны тэргүүн, яваандаа Бурхны шашны гол төв Монголд шилжин ирж, шашны гүн ухаан, оюун санааны нэгэн шинэ төв болон тогтохын эхлэл ч байж мэдэх юм.
Угаасаа Монголд л Бурхны шашин жинхэнэ гүн ухааны мөн чанараараа оршдог, олон зууны турш монголжиж элдэв төрлийн мухар сүсэг, төөрөгдлөөс ангижирч, байгаль дэлхийгээ хайрлан шүтэх, амьд бүхнийг энэрэн хайрлах, буяныг эрхэмлэж нүглийг тэвчих зэрэг өвөрмөц шинэлэг байдлаар дэлгэрсэн хэмээдэг билээ.
Энэ талаас харвал Х Богд мухраар шүтэх шүтээн ч бус, баяжуулж мөнгөжүүлдэг шидтэн ч биш, улс төрийн бохир аргатай холилдох нэгэн ч биш, Бурхны шашны монгол дүр төрхийг төлөөлөн илтгэсэн оюун санааны нэгэн гол төлөөлөл, үүгээрээ дамжуулан үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ч тодорхой орон зай эзэлж үүрэг гүйцэтгэх шашны том зүтгэлтэн байх болно гэж хэлж болно. Өнөөдөр Монголд шашин хоорондын зөрчил үгүй. Харин зарим улс оронд шашны зөрчил багагүй балаг тарьдгийг бид бэлхнээ мэднэ. Алсдаа ийм байдал үүслээ гэхэд Богдын төвшитгөн зохицуулах нөлөө байхыг үгүйсгэмгүй.
Тэрбээр одоо нас балчир тул эрдэм номд шамдах их ажил өмнө нь байж таарна. Цаг нь ирэхэд тэрбээр шашны талаас үндэсний аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр байр суурь эзлэх зүтгэлтний тоонд багтах буй за.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Зарим нэгэн нь цэцэрхэж мэдэмхийрч Бурхан багш тэгдэг байсан ингэдэг байсан гэх мэт олон юм битгий бичээд бай.Одоо Жавзандамбын үндэслэсэн Монгол Шашин дэлгэрч байна.
шашных нь мөнчанар, дэг жаягаар нь эрдэм мэдлэгт суралцуулж Бурхан багш лугаа үнэн зөв, бодит зүйл номлодог, худлаа маань уншиж хүн адислаж, хонх дамар барьж солиордоггүй байх ёстой шүү. Бурхан бгш хэзээ ч тийм зүйлхийж байгййгүй зөвөн хүн зөв амьдрах бодит үнэнийг номлож биеэрээ үлгэр үзүүлж байсан бтлээ. мөргөж шүтээд өөрийгөө доош хийгээд байх шидтэн ч биш соён гэгээрүүлэх сэтгэл зүйн эмч л байхёстой талыг заавал тунгаагаарайдаа.
амьдрал аз жаргал